Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч

Орлой Мажигийн Д.Маамын намтар

Орлой Мажигийн Дүгэржавын Маамын 1935 оны 2-р сарын 26 хөхөгчин гахай жил Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Бүдүүн овооны Завсрын бууц хэмээх газар төрсөн.

Маам зохиолч багадаа Цэрэндорж гэдэг нэртэй байжээ. Түүний аавыг Мажиг, ээжийг Должин, эгчийг Мишигдорж, ахыг Дүгэржав, дүүг Данжилаа гэдэг. Түүнийг 4 настай байхад аав Мажиг /гавж/ хэлмэгдэн буудуулж, түүнээс 10 жилийн дараа ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Аав нь хэлмэгдсэн учир Цэрэндорж хүү нэрээ сольж ах Дүгэржаваараа овоглох болсон байна.

Зохиолч Маамын анхны зохиол нь “Мөнгөн өвөл” шүлэг байлаа. Тэрээр 9 настайдаа Түвшинширээ сумын бага сургуульд элсэн орж улмаар Сүхбаатар аймгийн дунд сургуульд 8-р ангиа төгсчээ. 1951-1954 онд Багшийн техникумыг онц дүнтэй төгссөн тул 1954-1957 онд Багшийн дээд сургуульд шууд элсэн орж Орос хэлний багшийн мэргэжил эзэмшжээ.

1957-1958 онд Сүхбаатар аймгийн арван жилийн сургуульд Орос хэл, Уран зохиолын багшаар ажилласан бөгөөд 1959-1962 онд Ардыг Гэгээрлийн яамны хүүхдийн утга зохиолын газрын редактороор ажиллажээ. 1962-1968 онд Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургуулийг “Олон улсын түүхч” мэргэжлээр төгссөн. Мөн тэрээр Гадаад явдлын яаманд референт, Каир дахь Монголын элчин сайдын яамны орчуулагч, атташе зэрэг алба хашиж байгаад шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дэд захирлын алба хашжээ. 1990 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн нарийн бичгийн дарга, даргаар ажиллаж байлаа.

1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж шинэ Үндсэн хуулийг боловсруулах батлахад өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд 1983 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1996 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор шагнагджээ.

1996 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын сургуулийг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Орлой Мажигийн Дүгэржавын Маамын нэрэмжит болгосон.

Зохиолчийн бүтээлүүдийг нэрлэвэл:

  • · “Сүүлчийн захидал” найраглал 1959 он
  • · “Хөгшин тэнүүлч” 1962 он
  • · “Мандах зул” уянгын найраглал 1965 он
  • · “Тэмээний дууль” 1970 он
  • · “Тархинд хийсэн аян” 1972 он
  • · “Түмэн газрын замд” яруу найргийн ном 1976 он
  • · “Өндөр Сүхээ” шилдэг өгүүллэг1981 он
  • · “Сарнай төрөх учир” 1969 он
  • · “Цагийн салхи” 1991 он
  • · “Газар шороо” роман 1977,1981,1982,1989 он
  • · “Гишгэх газаргүй хөл” памфлет роман 1979 он
  • · “Хоёр хар бууоын туурь” 1969 он
  • · “Мартах эрхгүй” кино 1980 он
  • · “Цөвүүн цагийн Богд” кино 1989 он
  • · “Мандухай цэцэн хатан” киноны редактор 1990 он
  • · “Маоизм, Маогийнхан” 1975 он
  • · “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино 1994 он

Эрдэм шинжилгээний бүтээл

  • · “Хятадын удирдагчдаас араб дорно дахинд явуулж буй бодлого” 1977 он
  • · “Маогийн бодлогод хэлмэгдэж буй Төвд орон” 1975 он
  • · “Араб дорно дахин, Бээжингийн бодлого” 1977 он
  • · “Синайн дайн” 1972 он

Орчуулга

  • · А.С Пушкин “Руслан Людмила хоёр” 1965 он
  • · Лермонтов “Банди”, “Шулам”
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
С Батсайхан (зочин)

2015 онд Нэрэмжит сургуулийн болон зохиолчийн 80 насны ой давхцаж байгаа тул олон сайхан шинэлэг ажлуудыг зохион байгуулахад маань та бүхэн чин сэтгэлээсээ хандан туслаж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна.Манай блогоор тогтмол орж бидний хийж буй ажилд санаа оноогоо өгөхийн зэрэгцээ номын сангуудаас ховорхон олдох зохиолчийн зохиол бүтээлүүдийг чөлөөтэй уншиж судлан оюуны мэлмийгээ нээгээрэй. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)