МУСГЗүтгэлтэн Д.Маамын “Дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн.

Д.Маам
Хөгжмийг Боржигон Нацагийн Жанцанноров
МАГНАГ ЦЭНХЭР ДЭЛХИЙ
Магнаг цэнхэр дэлхий минийх ээ
Мандахын наранд уулс булхана
Манхны говьдоо гөрөөс тэлхэнэ
Магнаг цэнхэр дэлхий минийх ээ
Мэлмийг баясгах дэлхий минийх ээ
Одыг бутруулж хүлэг үүрсэнэ
Хадыг хайлуулж ботго буйлна
Мэлмийг баясгах дэлхий минийх ээ
Ухаарлын бурхад хүмүүс минийх ээ
Уйлж инээх нь нартай бороо
Учирч тэврэх нь унасан шороо
Эр хүн хадаг дэлгэсэн алга
Эм хүн цэцэгт татсан солонго
Эгээрлийн бурхад хүмүүс минийх ээ
Сувдан цэнхэр орчлон минийх ээ
Сувраг мөнгөн уулс мөлхөнө
Суумаг манан уулсыг хэлхэнэ
Сувдан цэнхэр орчлон минийх ээ
Нартын хоймор орчлон минийх ээ
Наран үдэлж ооно согтуурхана
Уран тогоруу шилж хөлчүүрхэнэ
Нартын хоймор орчлон минийх ээ
Ухаарлын бурхад хүмүүс минийх ээ
Уйлж инээх нь нартай бороо
Учирч тэврэх нь унасан шороо
Эр хүн хадаг дэлгэсэн алга
Эм хүн цэцэгт татсан солонго
Эгээрлийн бурхад хүмүүс минийх ээ
Үгийг Д.Маам
Хөгжмийг Боржигон Нацагийн Жанцанноров
ХҮСЛИЙН ЦАГААН ШУВУУ
Хүсэл биелэхийн цагт ...
Сэтгэлийн цэнхэр хадаг байна
Хүслийн цагаан шувуухайг харин
Гүйцэхээ гэдэг андуу байна
Андуу ташааг үнэн болгох
Сэтгэлээ гэдэг асар юм байна
Хүслийн цагаан шувуухай нь үгүй бол
Хүмүүн гэдэг мөхсөн галав байна
Бодол бүхэн биелэхийн цагт...
Мөрөөдлийн цэнхэр хадаг энэ байна
Бодлын цагаан шувуухайг харин
Барихаа гэдэг эндүү юм байна
Болохгүйг мэдсээр болгох шидтэй
Мөрөөдөл гэдэг асар юм байна
Бодлын цагаан шувуу нь үгүй бол
Хүмүүн гэдэг мөхсөн үцл байна
Санасан бүхэн биелэхийн цагт...
Санааны цэнхэр хадаг энэ байна
Сансрын цагаан шувуухайг харин
Шүүрэхээ гэдэг худал юм байна
Хүлээс торноос суллах идтэй
Санаа гэдэг томыг бишрэе
Хүслийн шугуйд төөрөхгүйн учир
Хүслийн шувуутай хөөцөлдөж тоглоё
Үгийг Д.Маам
Хөгжмийг Боржигон Нацагийн Жанцанноров
НАЙРГИЙН ХУР
Явуугийн сэтгэлд уянга найрна
Ятга хөг орж бүжихийн адил аа
Бодлын утас сэмхан сэмэрнэ
Борооны түрүү ирэхийн адил
Гэрэл татуулж шүлэг төрөх нь
Гэгээн үүрийг үзэх шиг баяр аа
Нартай бороонд унага цахилж
Наргүй бороо зүсрэх шиг сайхан аа
Явуугийн сэтгэлээс найраг асгарна
Яшил занданы цэцэглэх нь ийм үү
Мөнгөн сарны гэрлээр сүүлж
Мөнхийн уснаас амсвал ийм үү
Хутагт тэнгэр салхин хүлгээр
Хурын үүлсээ хураан цэлмэнэ
Явуугийн найрагт миний сэтгэл
Явуу цагаан хун шиг цэнгэнэ
Үгийг Д.Маам
Хөгжмийг Долоод Цэдэн-Ишийн Чинзориг
ХҮЛЭГ ЧУУЛАХ ТАЛ
Амилж төрсөн нутгаа эргэлээ
Аавын аавын сүргийг эргэлээ
Алтанхан талаа зүсээр нь таньлаа
Адуун сүргээ удмаар нь танилаа
Туурайхан тамгатай ногоорс гээд байна
Турагхан хөрстэй тал минь мөн гээд байна
Товор товорхон товолзуулахыг нь үзвэл
Тооройхон цэнхэрийн минь ергөө мөн байна
Буцланхан буцланхан бууралтас гээд байна
Бугатайхан толгодын харгиа мөн байна
Будар будархан будааруулахыг нь үзвэл
Бууралхан борын минь дэргээ мөн байна
Сэр сэр, сэр сэр сэржигнээд байна
Сэрүүхэн булгийн минь зэгсхэн мөн байна
Тортойхон тоть шиг тоглосгээд байна
Тоонохон хадны минь цуурай мөн байна
Торойхон торойхон тоосруулахыг нь үзвэл
Толинхон сартын минь туурай мөн байна
Амилж төрсөн нутгаа эргэлээ
Аавын аавын сүргээ эргэдлээ
Алтанхан талаа зүсээр нь танилаа
Адуун сүргээ удмаар нь танилаа
Үгийг Д.Маам
Хөгжмийг Долоод Цэдэн-Ишийн Чинзориг
ДУНГААМАА
Өрхөөн тэгшилж үүрийн гэгээг
Тооноор чи минь тосон заллаа
Тоононы хадганд тортог амсуулж
Галын бурханаа тулганд тахилаа
Хоног л хоногийн хорвоод нь
Хэргээр иржээ, Дунгаамаа
Хотлын баярт миний амраг
Дуулж л явнаа, Дунгаамаа
Намиран асгарах гол шиг харц чинь
Үүрийн тэргэл гэгээ нь байна аа
Нанчид мартаам хонгор чи минь
Миний гэрийн сүлд нь байна
Хоног л хоногийн хорвоод нь
Хэргээр иржээ, Дунгаамаа
Хүний зовлонд миний амраг
Уйлж л явнаа, Дунгаамаа
Үдлээд нүүмгүй нутаг шиг чамтай
Үүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлээ
Үүдэн хоймрыг эзэгнэн ханьсаж
Зүүдэнд юм шиг мэдэлгүй жаргалаа
Хоног л хоногийн хорвоод нь
Хэргээр иржээ, Дунгаамаа
Үрийн заяанд миний амраг
Жаргаж л явнаа, Дунгаамаа
Үгийг Д.Маам
Хөгжмийг Онхуудай Бямбасүрэнгийн Шарав
ГАНГААДААРИЙ
Өөлөн өөлөн, өөлөнхөн
Өөлөн удмын наалинхай
Мандаа мандаа, мандаахай
Мандухайн удмын дүү минь уу
Даарий даарий, даарийхан
Даарий эцгийн дагинахан
Ход ход, ход ход инээмтгийнхэн
Хонхон чимээтэй дүү минь уу
Гангаа гангаа, гангаахай
Гангаа эхийн ангаахай
Босон суусан монхоохой
Бойтогоо чирсэн дүү минь уу
Алтан алтан, алтанхан
Алтан овооны аминхан
Гангаадаарий алдрайхан
Гандуу даахитай дүү минь уу
Дагшин дагшин, дагшинхан
Дагшин дуутын гүнжинхэн
Тормон тормон, тормонхон
Торомгор нүдэн дүү минь уу
Өөлөн өөлөн, өөлөнхөн
Өөлөн удмын наалинхай
Мандаа мандаа, мандаахай
Мандухайн удмын дүү минь уу
Үгийг Д.Маам
Хөгжмийг Боржигон Дашдаваагийн Баттөмөр
ХҮМҮҮН ХАЙРЫН ДУУЛАЛ
Наран эрхсийн хотлох
Буман зууны тоосноос
Намжаа ногоон дэлхий
Эрдэнийн шороо бүхэлджээ
Насан мөнхийн их хайраа
Одонд хүргэж дуулахаар
Намжаа дэлхий хөрснөөс
Чи бид хоёр бүрэлджээ
Асарлан цэлийх тэнгэртээ
Ассан цагаан салхин
Адын бараан үүлсийг
Арчиж хөөх нь мөдхөн байна
Амьд мөнхийн их хайраа
Одонд хүргэж дуулахаар
Асарт тэнгэрийг мөрлөж
Чи бид хоёр ирсэн байна
Ирээд буцах хүмүүний
Өртөөлж хөдлөх дэлхийг
Итгэлийн цагаан сарнай
Бүрхэж ургах мөдхөн байна
Идэр мөнхийн их хайраа
Одонд хүргэж дуулахаар
Ижий дэлхийн шороон дээр
Чи бид хоёр боссон байна
Үгийг Д.Маам
Хөгжмийг Боржигон Гаадангийн Алтанхуяг
ЗЭЭРИЙН ДУУЛЬ
Оонын цуваанаас цоолдож
Онгон биеийг хавхалваа
Ороо тавиланг аргадаж
Долоон бурхан товорвоо
Хуйлран хулжих сүрэгтээ
Нийлэх л гэсэндээ яарлаа даа
Хулсан сүмбэ шиг шилбээ
Хугалан бүдчин дэгдлээ дээ
Тэнгэрийн заадас асгарчээ
Тэнэгхэн миний бодол байваа
Үүл шилгээж үерлэжээ
Үйрсэн сэтгэлийн нулимс байваа
Хуйлран хулжих сүрэгтээ
Нийлэх л гэсэндээ яарлаа даа
Хулсан сүмбэ шиг шилбээ
Хугалан бүдчин дэгдлээ дээ
Үгийг Д.Маам
Хөгжмийг Ш. Батсайхан
МӨНХӨӨГИЙН ДУУ
Хонхон цэцэг Биндэрьяатай
Хоолойн бүүвэйн найраг дуутай
Хүний тархинд оюун бодолтой
Хүслээр төрсөн баян хорвоо
Хорвоо хорвоо хорвоо
Хос ижилгүй төрсөн хорвоо
Хоршиж нийлсэн түмэн өнгө
Хүлэг морьтой хүнтэй хорвоо
Өөхөн цагаан мөнгөн сартай
Өвлийн жавар цасан талтай
Хан тэнгэр алтан нартай
Халуун зун ногоон хөвчтэй
Хорвоо хорвоо хорвоо
Хот хөдөөгүй хосолсон хорвоо
Холтой ойртой уултай талтай
Хотон бүрд нууртай хорвоо
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)