"МИНИЙ НУТГИЙН ТЭНГЭР" Д.Маамын "Тэмээний дууль" номноос

"МИНИЙ НУТГИЙН ТЭНГЭР" Д.Маамын "Тэмээний дууль" номноос

АЯНЫ ЦАГААН ЗАМ

1

Аавын дөрөөг бус дөрөөн сурыг дөрөөлөн саахалтынхаа айлд очиж байсан анхныхаа өдрийг би санаж байна. Ардын танхимд явах гэж нагацынхаа их гэрээр хэсэж байсан чинь тэр юм. Хурга хонь хөөцөлдөж бараг өдөр өнжихгүй очдог тэр айлын тэргэн дээр аавын хазаарын ган амгай, мөнгөн тоногийг харшуулан номхон буурлын далыг даган гулгаж, буухдаа сарны тоосонд гишигсэн мэт баярлаж байсансан. Морь хэмээх сайхан унааг хөлөглөн зорьсон газраа эр бие ганцаар хүрч ирж чадсандаа хөөрсөн минь тэр байлаа. Тэгээд ч нагацын маань хот морин дэл дээр морин дэр лугаа адил хийсгэн явах их замын маань эхлэл гэдгийг аянч хүн төрөлхтний үр сад би дээдсээс өвөлсөн зөнч мэргэн совингоор битүүхэндээ мэдэрсэн ч юм болов уу даа!

Нагац хөгшин ээж минь:

---хүү хүүхэд морь унаж сурахлаараа хөлгийн зоо чилээх эр

болох нь тэр. Чамайг халуун хошуутай малаар мялаана хө хэмээн нэгэн хөөрхөн халзан хурга зааж өгч билээ. Тэр хурга ээжгүй хурга байжээ. Дураараа нагац маань тэр хургыг надад өгч явуулна гэж дор нь шийдэв.

---Эмээ би маргааш сургуульд явна шүү дээ. Хургаа авч

яваад яах вэ хэмээн булзааруулсанд, эмээгийн нүд орой дээрээ гарах шахан болж,

---Сургуульд явна гэнээ, үнэн үү дамшиг минь? Гэнэ.

---Үнэн, эмээ, үнэн. Тэгээд аав танайхаар буугаад ир гэсэн

юм.

---Тэгтэл энэ дамшиг чинь манайхаар мөрөө гаргаж яваа юм

байна шүү дээ. Бүр ч болох чинь тэр, дамшиг минь. Эмээ нь хүүгийнхээ аяны цагаан замыг халуун хушуутай малаар мялаая гэснээ,

----Алив, май гээд эргэж хумбан шаазан дүүрэн сүү

мэлтэлзүүлэн хийж барилаа. Сүү шиг буурал эмээгээсээ идээ идээний нь дээжийг тийнхүү гардан авахдаа би аяны цагаан зам гэж юу болох хийгээд тэр замын тэнгэрийг өлзийтэй байлгах гэж миний төлөөнөө буянт буурлын залбирч байсныг ойлгоогүй юм. Гувшаа ховдог хурга шиг сүүгээ мөчийн зуур залгилж орхисонд, эмээ минь:

---За сөөсгөр ач минь чи тэгвэл ардын танхимд явах нь

байна шүү дээ. Нөгөө Нээнин багш гэдгийн номыг сурч даа! гэв. Би хүүхдийн сониуч зангаар эмээгийн үгийг тасалж,

---Нээнин гэдэг чинь юу юм бэ?!

---Нээнин гэж ухаан нь улаан оросын богд юм байхаа.

Өвгөн аавыг чинь ухаантай хүн байсан гэлцэнэ. Өвгөний нэг өдөр <<Нээний чинь ирж байгаа цагийн эзэн юм шүү дээ>> хэмээн хүнд хуучилж суусныг би одоо хир санадаг юм. Гэвч үнэн худлыг хэн мэднэ. Чи л номын нь сурч ирээд эмээдээ тэр Нээнинийхээ тухай ярьж өгөөрэй!... Би эмээгийн энэ үгийг цээжилж тогтоосон боловч учир нажры нь гэвэл тэр мөчид олоогүй билээ. Харин хөлгийн зоо чилээж чадах эр болж дөнгөхгүй бол яана. Тэр Нээнин гэдгийнх нь номыг сурахгүй бол яана гэх зовуурьт бодолд эзлэгдэж, буурлын том үгэнд бишүүрхэн сууссан. Бас хурга дүүрч харих болсондоо учиргүй эмээсэн юм. Дөнгөж морь унаж сурч яваа долоон настай хүүхдэд хурга дүүрэх гэдэг амаргүй ажил байлаа. Гэвч би хурга дүүрсэн юм. Эмээ минь номхон буурлын жолоон дээрээс барьж намайг мордуулаад, хургаа авч өгөхдөө:

---За хүү минь ном их сураарай гэж ерөөв. Тэгэхэд нь би <<тэр Нээнин гэдгийнх нь номыг сайн л сурах юмсан>> гэж балчирхан ухаандаа их л мэрийн бодож байв. Гурав дөрвөн батгананомхон буурлыг хоргоож шарвалзуулаад байсныг хэлэх үү, тэр халзан хурганы их дошгирхож загнаж байсныг хэлэх үү, магадгүй би амьдралынхаа оргил бэхийг тэнд туулсан байж мэдэх юм. Дуртай цагтаа явган харайлгаад байдаг хоёр хот айлын хоорондох зай морьтой надад барагдахгүй байсныг өнөө би мартаагүй явна. Гэвч мэнд ус сажилж ирээд ээжийнхээ гар дээр хургаа тавиад буухдаа төрсөн гэрийнхээ алтан бууц сагсгар буурал эх хоёртоо ямарч хайртайгаа анхлан удаа мэдсэн юмсан. Үргэлж дэргэд нь байж, тийм дээд хайраа хөсрүүлэхгүй зэврүүлэхгүй тул, өөрий минь мах цусанд заяагдсан тийм нандин юмыг хол газраас эргэн ирж байн байн мэдэрч байхын тулд аян замын шороонд гутлын улыг довхруулсугай гэх их зоригийн эхний үр хөврөл<<агтны бийд газар үз>> хэмээн сургадаг мэргэн ардын нэгэн бандь миний сэтгэлнээ лавтайяа тэнд эхлэн бүрэлдсэн буйзаа. Маргааш аав минь намайг аваад сумын төв рүү мордов. Нутгийн буурал болжмор морины дэл хондлой дээгүүр эргэлдэнэ. Найман сарын найгал хонгор наран дээр гэгчийн хөөрсөн байлаа. Би гэдэг хүн номхон буурлын нуруунд их шиг додигор явав. Ээж дөнгөж сая миний хоёр хацрыг үнссэн. Тэгээд яг л хөгшин эмээ шиг:

---Хүүгийн минь аяны цагаан зам өлзийтэй болтугай хэмээн ерөөж, тэнгэр бурхандаа сүү цацаж зогссон. Би яах аргагүй хол газар явж чадахаар том хүн болжээ. Ээж намайг хэдийд л ингэж үзэж байлаа даа. Аав ах хоёрыг л юманд явах болохоор жаал сүүгээ хайрлахгүй цацаж гардаг шүү дээ. Энэ мэт юм бодсоор би буурлын нуруунд додигор яваа минь тэр ээ. Тэгэвч цөөн мөчийн дараа намайг гаргаж өгөхдөө ээжийн нүд дүүрэн нулимстай, хоолой нь зангирч байсныг санав. Аавтай хамт сумын төв орох болсон баярт том явдалд дэвэрч хөөрсөн сэтгэлдээ би эзэмдэгдэн түрүү гэвэл тэр нулимсны учрыг анзаарч тогтоож бодсон үгүй байжээ. Гэнэт эхийг өрөвдөж, элэг зүрхэн тус газар гуниг хурлаа. Эргэж хармаар санагдав. Ямар гэгч совингоороо юм бэ, аав минь миний доторхыг нэвт шувт харж:

---Гантулгаа аяны замд гарсан хүн эргэж хардаггүй юм шүү. Хэргээ бүтээчихээд л хүн нэг мөсөн харьдаг юм. Тэрнээс биш замын хугаст сэтгэлээ сарниулж эргэдэггүй юм. Сэтгэл сарнивал ажил саринана тэгж мэдхөө гэлээ. Би тэр үед аавыгаа ертөнцийн эрчүүдийн хамгийн тэнхээтэй, хамгийн ухаантай нь хэмээн боддог байжээ. Тийнхүү аав минь намайг анх удаа үе тэнгийнхээ хүн мэт <<хө>> хэмээн дуудаж ийн өгүүлсэнд сэтгэлийг манан шиг бүрхээд байсан гуниг дорхиноо мөн манан шиг шингэрэн замхарч билээ. Аав бид хоёр хорин мөч хиртэй газар шогшоод, Гэзэгийн Шандны урд дээр дардан цагаан замд оров. Тэр замаар бид давхин давхисаар сумын төв орох ёстой байлаа. Ухаандаа би тэр замаар яван явсаар ардын сургуулийн алтан босгыг алхах ёстой байв. Ийн бодоход тун сонин санагдана. Ардын тэнхим хэмээх нэг л цоо шинэ юм намайг хүлээж байгаа агаад тэр тэнхимээр миний шинэ амьдарл эхлэх гэж байгааг би тэр агшинд мэдэрч билээ. Эмээ ээжийн амнаас анхлан сонссон аяны цагаан замын тухай бодол дотор орж ирэв. Аяны цагаан зам гэдэг нь юу юм болдоо гэж санагдана. Нээг их дардан цагаан зам байх ёстой гэж бодлоо. Дараахан нь <<аяны цагаан зам гэж энэ л байхдаа >> хэмээн найман насны багахан хүү Гантулга би Хүйтэнгийн булгийн баруун дээгүүр өгсөн хөвөрсөөр Төвшинширээ сумын төв рүү ордог улаан халзан замыг харж бодож явлаа. Үнэнхээр борвиндоо халтартай босож хэвтэж яваа унага гэлтэй хүүхдийн балчирхан оюунд Гэзэгийн Шандны тэр зам яахын аргагүй <<Аяны цагаан>> зам гэхээр зам байжээ.

<<энэ замаар явсаар байгаад сумын төвд очно>> гэж би бодов. Мөн ардын танхим чинь суман дээр юм чинь замгүй яваад хүрнэ гэж саналаа. <<Ардын танхимдаа нэг орчихоор бүр зам байхгүй болно. Зам хэрэг ч үгүй шүү дээ. Тэнд номоо л үзнэ. Ном үзэх ер хурга хариулахаас хэцүү болов уу?! >>гэх мэт бодол тоонон дээгүүр нүүх хаврын хурган үүл мэт хойно хойноосоо хөврөн өнгөрч байлаа. Дараа нь <<Нээнин гэдгийн номыг сурч дээ!>>гэсэн эмээгийн үг санаанд гэнэт ургалаа. <<хүүхэд болгон тэр Нээнингийн номыг үзэх болов уу. Нээнингийх нь номыг муу сурчих вий дээ! Ерөөс ном үзэх хурга хариулахаас яавч хэцүү байх ! муу сурвал багш загнана. Бас Нээнин нь өөрөө ч ирж загнах юм билүү. Аав намайг хааяа мөн айхавтар алгадана шүү! Тэр Нээнин гэдэг нь зоддог ч байж мэдэх юм. Томцуул санаснаа л хийдэг улс даа!!>>гэж бодлоо. Тэр дороо Нээнинг бушуухан үзэх юмсан гэх хязгааргүй их хүслэнд гэнэт автав. Гэвч энэ хүслээ хэрхэн биелүүлэх тухай зориглож ааваасаа асуусангүй билээ. Бид одоо цагийн хүүхдүүдээс илүү дэглэмтэй илүү ёс горимч байгаа юу даа. Хэдийд ч билээ дээ би нэг удаа аавын амнаас <<Нээнин багш>>гэсэн хоёр үг унахыг олж сонссон юм байна. Тэгэхэд аав маань Нээнин гэдэг багштай юм байжээ хэмээн бодсон. Аав гэвэл <<А>> үсгийн толгой мурий ч тавихгүй <<10>> гэсэн тоог хэлтгий ч бичдэггүй байсан болохлоор <<Нээнин>> аавын судар бичгийн багш биш, сүсэг залбирлын багш болох нь тодорхой байсан юм. Намайг хар багаас минь дээдсээс өвлөгдсөн ахч захч ёсонд сургасан болохлоор чингээд би эцгийн өөдөөс нүд өргөн багшийнх нь тухай асууж шалтгаангүй, аавын сургадгаас <<яс төлжиж оюун задрах>> хойчийн өдрийн хүлээн Нээнинтэй танилцахаар ам жимийн явж билээ.

Гэзэгийн Шандын зам аав бид хоёрыг уул шиг тэмээг утсаар дагуулах бурантаг мэт хөтөлсөөр сумын төв руу авч орлоо. Сумын төв рүү ороод зам алга болов. Сум Хүйтэнгийн дов хэмээн нэрд гарсан халцгай улаан товцог дээр төвлөдөг байсан юм. Тэр дов тэр чигээрээ зам байжээ. Өмнөө харж явсан зам маань тийнхүү алга болсонд <<за аяны цагаан зам дууслаа>> хэмээн би бодсон юм. Ингэж бодоход өдрийн хугархайн явдалд аяншиж туйлдсан нялх биенд орогносон сэтгэл хөнгөрч байж билээ. Үнэнхээр аяны зам шувтарлаа хэмээн хөөрсөн хэрэг байжээ.

||

Тийнхүү сумын төв рүү орж ирснээр хөлгийг хөдсөн бойтог шиг сольж, түмэн газрын мухарт хүрэх аяны цагаан замын торгон үзүүрт аавын уужим дээлийг хавж эхлэх ээжийн мөнгөн зүү мэт торойтол гарснаа үнэнхээр Гантулга миний бие мэдээ нь үгүй юмаа. За байз тэр өдрөөс чинь хойш нэгэнт дөчин хэдэн жил өнгөрч дээ. Зуугийн ихэнхийг насалсан санчиг буурал өвгөн сэтгүүлчийн замын үзүүр өнөө гэвэл нэгэн алдарт усны эрэг дээр ирээд байна. Хорвоод ус хүн хоёр заавал ханьсах жамтай юм даа. Тэгээд ус нь хүнээ алдаршуулах байх юм, хүн ч усаа алдаршуулах байх юм. Миний эрэгт нь ирсэн ус бол Лениний Разлив мөн байлаа. Лениний тэртээ 17 онд амьдарч агсан өвсөн овоохойгоос нуурын тийш одсон явган хүний жимээр би алхлана. Дөчин жилийн өмнө бяцхан Гантулга надаар хөөрхөн даапаалж байсан аяны цагаан замын тухай бодол намайг эзэмдэн байв. Бага нас, унаган балчир оюун, гэнэн хонгор бодлуудтайгаа маргах мэт аяны цагаан зам Хүйтэнгийн довон дээр дууссангүй ээ хэмээн би мэдээжийн юмыг байн байн лавшруулан батлан бодож явна.

Лениний гаргалцсан тэр нарийн жимээр алхалж байгаа маань элдвийг үзсэн өвгөн сэтгүүлч миний сэтгэлийг үзвээс ихэд хөдөлгөсөн байваа. Дөчин жилийн өмнө Монголын их талын нэгээхэн ам дөрвөлжин шороон дээр нагац эмгэн эхийн маань хэлсэн үг Лениний Разливийн тэнгэр дор миний сэтгэлнээ дөчин жил унтарсан зул гэнэт бадрах мэт дурайтал бууж ирлээ. Эмээ маань тэгэхэд:

--- ... Нөгөө Нээнин багш гэдгийн номыг сурч дээ чи! гэж байсан. Үнэнхээр би бүх л насааараа Лениний номыг сурчээ. Ленин анхлан надад нэгэн их далд сүр хүчин байв. Гэвч би аажимдаа Ильичийг хүн шиг л зүрх тархитай хүн гэж мэдсэн агаад бүр сүүлд гэвэл тэрбээр чухамхүү хүний охь явсан ажээ хэмээн ойлгосон билээ. Ленин багшийн ном миний хийморь тэнгэр болж, аяны минь цагаан замын сүлд дарцаг явсаар өнөө намайг Разливийн өтгөн төгөл дотор авчирсан болохыг ойлгон явлаа. Гэхдээ би тэр их хүнийг хүндэтгэх хайрлах сэтгэлээ хаана ч гээгүй, энэ буянт нуурын ус мэт бүрэн дүүрэн цэвэр тунгалаг авч яваадаа өөртөө урамшин баярласан агаад <<Тэр Нээнингийх нь номыг л сайн сурах юм сан>> хэмээн чармайн бодож байсан балчир насныхаа мөрөөдлийг нэгэн талаар биелүүлээ юү дээ хэмээн өөрийгөө ямхын чинээ тоож бодлоо. Одоо санахад миний бие амьдралдаа олон аугаа хүнийг үзэж бүүр олон аугаа хүний тухай олж сонссон уншиж сонирхсон юм байнаа. Гэвч сэтгүүлч миний уншсан номын хуудас ахиж, өрнөх амьдралыг ойлгон, буурал түүхийг болгоох ухаан минь төлжихийн аясаар Ленин тэдний дунд зулзаган төгөл доторхи зуун настай царс болох нь аандаа харагдаж ажаам. Тэр хүн оргилуудын орой дээрээс харах оргил бөлгөө. Гэвч тэр өндөр авах тутмаа хүйтэн болдог Гималай тэргүүнтэн дэлхийн оргилуудаас огт өөр оргил ажээ. Гэвч тэр дээшээ гарах тутам дороосоо тасардаг хүн төрөлхтний аугаа хөвгүүдээс огт өөр аугаа хөвгүүн ажээ. Тэр хүн бүлээн дулаан оргил агаад харцын дунд хавж орсон үндэстэй хөвгүүн ажээ! Хоёр ээжийн сүүн цацлаар мялаагдсан одоо нэгэнт өвгөрсөн сэтгүүлч миний аяны цагаан зам зөвхөн энэ үнэнийг нотлолцоход л зориулагдсан байхад би баярланам!

Лениний тухай бодолд дарагдан, Лениний тухай бодолд эзлэгдэн хөлөө удаан зөөж тавьсаар Разливийн эргээр алхалж гарав. Аугаа хүний тухай бодол хүнд байдаг юм байна! Энэ нуур лавтайяа их усны тасархай бизээ. Газрын нэгэн судсаар Балтийн тэнгистэй холбогддог байх л даа. Манай Сэлэнгэ мөрөн Сибирийн их талыг мөлхөн барж, гадаад далайд цутгадаг билээ. Монгол газрын ус Разлив нууртай нэгэн хүй хүйстэй байх нь ээ. Өрөх татах мэт болж сэтгэл гэрэлтэн баяр төрөв. Учир нь энэ бодол тэрүүхэндээ надад нээлт боллоо.

Нуурын ус аясын салхинд үлээгдэх пансан алчуур лугай адил өрөмтөн хөвхөгнөх агаад дээр нуурын ус шиг цэв цэмцгэр хөх тэнгэр цэлийж байна. Надтай хамт явсан орос гэнэт:

---Разливийн шөнө сайхан байдаг юм гэж хэлэв. Тэр хүний юу бодож ийн өгүүлснийг би таах гэсэнгүй. Хээр талынхаа алтан намар цагийн бүлээн салхит аяс нийлүү шөнийг дурслаа. Тэгэхэд Разлив нууртай хүй хүйс нэг гэж миний сэтгэлд итгэгдсэн Сэлэнгийнхээ цэнгүүн долгиог сонсож, эргийнх нь өвсний чийгийг үнэртэх шиг болов! Дараа нь Разливийн шөнийн тэнгэр миний нутгийн шөнийн тэнгэр шиг мөн л хийморь сэргээх мянган хүлгийн үүрсэлт сэт яруу, есөн цагаан жороо морины гүйдэл мэт сунагар тэнгэр байх л даа хэмээн бодлоо. Харамсалтай нь Разливийн хоёрхон цагийн гийчин би тэр тэнгэрийг үзэх учиргүй байваа. Гэвч Разливийн тэнгэрт шороон түмэн одод бий гэдгийг би мэдэж байлаа. Энэ шороон түмэн оддын доор хэзээ нэгэн цагт Лениний энэхүү ертөнцийн сайн сайхны төлөө зарсан шороон түмэн бодол билчиж байсан даа хэмээх санаа сэтгэлд торсхийн ургав. Тэр шороон түмэн бодлын дотор Монголын тухай бодол лавтай байгаа даа. Тэгэхлээр миний аяны цагаан замыг өөрсдийнхөө буян хишгээр мялаан байж үдэж мордуулан хоёр ээжийн минь сайн сайхны төлөө Ленин бас бодож явжээ. Одоо тэгвэл миний толгойд Лениний тухай бодол билчинэ. Билчих олон бодлын зулайд <<Нээнин чинь ирж байгаа цагийн эзэн юм шүү дээ>> хэмээн өвгөн эцгээсээ өвөлсөн бодол явж байна. Одоо би цаг гаруйхан болоод Лениний тухай бодлоо тээсээр Алтай, Хангай нутагтаа буцнаа. Энэ зуур би дахиад л аяны цагаан замын үзүүрт гарах гэж байсан өдрөө дурсав. <<Чи л .. эмээдээ тэр Нээнингийнхээ тухай ярьж өгөөрэй!...>>хэмээн нагац маань захиж бай л уу? Бас эмээгийн хотноос хурга дүүрч харьснаа санав. Гэтэл хосгүй сайхан хүний тухай бодол тэр хурганаас нэн үнэтэй, нэн хүнд ажээ. Гэнэт <<үгүй ээ, энэ чинь Ленин багшийн өөрийнх нь аяны цагаан зам төгсөөгүй юм байна шүү дээ. Төгсөх ч учиргүй юм байна. Миний муу толгойгоор хүртэл хөл залган тэр их хүний аялсаар явааг хараач! Ленин гэдэг чинь 54 насан дээрээ өөд болсон тэр Владимир Ильич биш байх нь ээ хө!>> гэсэн бодол сэтгэлд харван орж ирэв. Разливийн зүгээс аясын салхи сэвэлзсэнд Сэлэнгийн эргийн суль бургасны үнэр хан хийлээ.

Улаанбаатар 1969 12

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)