“РОБЕРТ ЛИЗЗА ХОЁР” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос

“РОБЕРТ ЛИЗЗА ХОЁР” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос
Мянган наст буурал Каир хотын зүүн өмнө дүүрэгт Атабагийн талбай гэж өргөн чөлөө байдагсан. Тэр өргөн чөлөөнд барааны том зах бий. Барааны тэр зах хэмжээгээрээ Хан халилын захыг (мөнгө алтан эдлэлийн зах) арайхан гүйцэхгүй боловч бас л дэлхйин өнцөг булан бүрээс цугларсан түмэн жорын юмаар бялхах, наймаа панзны тэнгэр ивээсэн элбэг сангийн нэгээ! Атабагийн их зах талбайнхаа өмнө талд нэгэн нарийн гудамж хөндлөн алхсны дараа эхлэх хийгээд Атабагийн өргөн чөлөөнд гэвэл хамгийн өнгө үзэмж муутай, үнэ хямдтай бараа худалддаг юм. Энэ бол ном билээ. Каирын бүх шороо тоос ер ганц Атабагийн чөлөөнд л хурсан юм шиг тэр ном, номын тавиурын тоос гэдэг хэзээнээс зузаан зүйлий нэг ээ. Мисирийн тэргүүн хан төрийн үед босгогдсон их бунхнуудын мөрөн дээр таван мянган жилийн хумхын тоос хурсан гэж бодоход Атабагийн номын зах дахь ном хэмээх бараанд хурсан тоос шорооноос хавьгүй нимгэн харагддаг байв.
Гэвч мөр бүхэндээ ухаант мэргэдийн сэтгэл, ард түмний амьдрал хоёрыг шингээсний учир тоос шороо мэт гүвж, сэгсрэхийн төдийд хурмастын зайд хурайлан алга болох зүйлийн дор ном хэмээх бараа хичнээн хэвтэвч муудаж хиртэх нь огт үгүй гэдгийг номын захын цөөн худалдагчдын зарим, нуурын шувуу, намгийн мэлхий мэт тэр захыг эргэж байж бие биенээ мэдэх болсон бидний цөөн хүмүүс андах үгүй байлаа.
Түмэн хар замаар Гонконг газраас орж ирсэн хийгээд хятад япон торгоны аль сайн талыг авч <<төрсөн>> нэр сайт англи үйтэн хуар, ливан нутгийн алт, франц газрын банзал, италийн ногоон цамц, америкийн гэрэл зургийн аль аль нь номыг бодвол илүү өргөн хэрэгцээний хийгээдзөвхөн өнгөөр их хөлийн газар гарч байгаа зүйл тул тийм барааны эзэд тоос шорооноос ихээхэн эмээх бөлгөө! Энэ нь ч яах вэ дээ, ном бол ном, алт бол алт болоод л тэр биз! Ийм хоёр жирийн үнэн Атабагийн өргөн чөлөөнд өдөр шөнөгүй зэрэгцэн амьдарсаар өдийг хүрчээ.
Ажил нь сэжиглэхээс өөр юм сэтгэлд нь оруулахыг байлгасан хилийн цагдаа нарт байцуулж, хаа газраас <<новш>> чирсний учир миний бие зарим хүнийг уцаарлуулан их явдал удсаар цөөн ном Атаба захаас алтай нутгаа чирч ирсэн юм. Тэр цөөн номны хамгийн нимгэн нь одоо миний өмнө дэлгээстэй байна. Ачийг санаж монгол олон уншигч нартаа энэхүү бяцхан номыг орчуулан толилуулбаас:
Өгүүлэх нь:
<<Бяцхан Роберт Мартин ноёны цэцэрлэгт ажилласаар найман жилийг барлаа. Өнөөдөр яг найман жилийнх нь ой болж байгаа юм. Цагаан эзний гэрээс нэг ч удаа хөөгдөлгүй бүтэн найман жил бүтэлтэй ажиллана гэдэг бахархалтай хэрэг ээ. Тэр залуу өнөөдөр бас 18 нас хүрч байгаа аж. Гайхалтай, ижилгүй гэхэд болох үйл явдал шүү! Хар арьстан залуугийн тасралтгүй нэгэн газар ажилласны 8н жилийн ойн баяр, 18 насанд хүрсэн өдөр хоёр ингэж давхарладаг.
Робертын нүд төдий л өөрчлөгдсөн юмгүй, хар цагаанаар эргэлдэн ширүүн догшин гялалзсаар байх болоюч тэр хар арьстан залуугийн сэтгэл өнөөдөр нэг л ялдам зөөлөн байлаа. Буянт хорвоо түүнд тун соёрхуу, халамж төгөлдөр байсан гэж бодогдоно. Өнөөдөр түүнд юм болгоны өнгө хундан цагаан мэт харагдах хийгээд хан тэнгэрийн цэцэг хэмээн нэрлэгдэх гурван богино, гурван урт дэлбээтэй хөх цэцгийн өргөст иш хүртэл ноолууры нь түүхэд муу хар гарыг нь тэгтлээ хатгахгүй байж билээ!
Тэрбээр хэдийгээр бусдын нэгэн адил сэтгэл зүрхтэй байсан авч, одоо болтол сэтгэл зүрхний ажилд огт хамаагүй явжээ.
Хүний сэтгэл зүрх хоёрт багтдаг нар,байгаль,цусны хавар нэг л өдөр ирдэг байх нь уу,өнөөдөр гэвэл тэрбээр их л өөр болсон байв.Робертын өмнө Лиззи авхай баян гоо хорвоогийн өнгө үзэмжийн төгөлдөр цоморлиг болон дэлгэгдэж, явсан газар болгонд нь дагаж байсан учир Робертын нүд сэргэлэн өндөр хангай дээр гарч сайхан байгаль үзэж уярсан хүний нүд мэт байжээ. Ус руу очиход Лиззи гуай уснаа талимаарчихсан өөрий нь ширтэж байна. Цэцэгний ганган дэлбээ, навчны борог иш, хадны хөгц, модны холтос ер нь юун дээр ч хамаагүй Роберт Лиззи авгайтай учирч чадаж байв. Шидийг олов гэгч болжээ!.
Их Нью-Иорк хотын захад орших Мартин ноёны зусланд хэзээнээс хамгийн залуу нь Роберт байсан хийгээд өвгөн Мартины эрх гэргий Саднюк, тогооч Лиззи авхай хоёр ертөнцийн өнгийн хоёр туйлыг эзлэн төрсөн боловч, нас чацуу энэ жил хоёул 33тай хүүхнүүд юм. Саднюк Лиззи хоёроос залуу танхил эмс тэдний сууринд байсангүй. Хэдэн мод газар гэвэл өөр зуслангууд бишгүй л бий билээ. Гэлээ ч өглөөдөө нарыг зүүн уулын цаанаас тосон аваад урд голыг гатлуулан үүрч оройдоо баруун шилийг тонгойлгон буулгах мэт хоёр нарны хооронд борви бохирохгүй, ууц хотойхгүй ажиллах Роберт мэт амьтанд тэр зуслангууд огт хамаагүй, огт өөр ертөнц байсан юм. Энэ уужим хорвоогийн чинь юу нь чухам хаана байдгийг хэн чиг мэдэх билээ дэ! Мэдэхгүй юм болгоныг байхгүй гэлцдэг билүү. Мэдэхээс Лизза гуай байхаас Лиззи гуай. Тэгээд Роберт Лизза гуайд дурлажээ...
Гурван жилийн өмнө юмсан. Цонхны цаана хаврын шороон шуурга хайрагдаж буйг ажиглан, хүнд булаалгах гэж байгаа юм шиг Робертыг том том балгаж, хүйтэн шөл гүзээлж зогсоход Лиззи авхай түүний шилэн дээр нэг үнссэн юм. Робертын гижиг хүрч, мөнгөн хонхны дуу мэт хүүхдийн хонгор хоолойгоор ход ход хөхөрсөнд Лиззи гуай ичиж, Лиззи гуайг ичихлээр Роберт ч ичиж билээ. Тэр хоёрын нэг нь 30 настай эм, нөгөө нь 15тай жаал хүү байсан юм. 15 жилийн насны зөрөөнд болоод дурлалын тэнгэр тэр хоёрыг тэр удаа баярлуулалгүй, бишүүрхэн зайлсан ажээ. Гэвч мөргүй өнгөрдөг юм байхгүй гэлцдэг. Өнөөдөр Лиззи гуайн тэр үнсэлтийг Роберт бүх мах цусаараа мэдэрч, санаж хүсэж байлаа. Тэр үнсэлт сэтгэлд нь бус, зүрхэнд нь тээгдэж яваад сая гарч ирээ юү? Лиззи гуайн өөрт нь муугүй гэдгийг мэддэг болохоор тэр авгайн дур хүслийг тайлахсан гэдэг эрмэлзлэл тэрхүү залуу зандан хорвоогийн онгон эмнэг зүрхний галыг улам хүчтэй хөөрөгдөж байсан юм.Тэрбээр дээрх эрмэлзлэл болон өөрийн <<нүгэл>> гэж үзэх бас бус олон бодлыг орхихыг хичээн хичээх авч сэтгэл бодлын жолоог алдаж дурлалын хорхойгоор агсагнах онгон зүрхэндээ дийлэгдэн барьцгүй явлаа.
Гэвч мөч болгонд дандаа тэгж буцалж байсангүй айн шантарч байсан нь мянгантай билээ. Инэгхээс ч яах вэ дээ. Дурлал гэдэг сэтгэл хэмээх гадаад их далайн догшин шуурга болохоор онгон зүрх хэмээх өнчин завийг хаашаа л бол хаашаа шидэлдэг ажээ.
Гэвч Роберт л өөрөө хүнд дурласанаа саяхнаас мэдэж байгаагаас бус түүний хар арьсны цаана гүйх дошгин хүрэн цусанд дурлалын үр хөврөл хэдийнээ . бүрэлдэн эхэлжээ. Тэгээд ч хар арьстан хүмүүс тэдний дотор индейчүүдийн яс мах, цус булчирхай өсөж боловсрох нь гойд хурдан байдаг гэж америкчүүд тийм ч оргүй бус зүйл ярьдаг бололтой. Гэвч хүн гэдэг цусны дээр ухаан залсан үлэмж дээд нэгэн болохлоор тэр болгон цус булчирхайн зоргоор авирлах гэдэггүй ажээ. Үүний учир хэдий нь үр хөврөл нь цусанд нь бүрэлдсэн дурлалыг Роберт дөнгөж одоо л сэтгэлээрээ мэдэрч байгаа юм. Хэрэв Лиззи авхайн оронд өөр ямар нэгэн хар арьстан залуу бүсгүй ажиллаж байсан бол залуу эрийн сэтгэл зүрхэнд дурлалын сарнай арай эрт нүдэлж дэлбээлэх байсан бизээ. Энэ мэтийг цааш нуршихыг цаараглан өгүүлэхэд Роберт маань зовлон гачаал, доромжлол гадуурхлыг бие сэтгэлээр туулагч ад үзэгдсэн негр иргэний биеийг олж, 18 жилийн өмнө соёолон мөхсөн хаврын яргуйтай цуг төрсөн бандь юм. Ээж аав хоёр нь түүнд уламжлалт ардынхаа бэлэг дэмбэрэлтэй сайхан негр нэр өгсөнгүй, нэр нь ч болов цагаан арьс хүнийхтэй адил яваг даа хэмээн, үрийнхээ төлөө санаа тавьж уушиг шиг улаан хэл уруултай, атгасан гарын чинээ хав хар жаалдаа <<Роберт>> нэр зүүлгэж шинэ хүнтэй болсны ёсыг ёсолж, биеий нь мөөгтэй усаар угааж билээ.
Одоо 18 жилийн дараа гэвэл атгасан гарын чинээ хар жаал маань, авдар сав шиг гэхээр бахьлуу эр болон хувилжээ...
Роберт маань Лиззи авхайн өндөр хондлой, урт хүзүү, гунигтай алаг нүдийг уур савсах мэт халуун газар дээр ургуулан бодсоор үйсэн оройтой сийрсэн малгайгаа өмсөхийг мартан гартаа чирч явна.
Гэнэт ард нь:
-Роберт аа! гэж унжруулан хэлэх эмэгтэй хүний ялдам нарийхан дуу гарлаа. Дандаа зарцлуулж, зандруулж байсан болоод ч тэр үү, хар арьст залуу ийнхүү өгөөмөр хонгор аялгуугаар дуудуулсандаа бие сэтгэл нь дулаан бүлээн элчээр амилж, алхаа саав. Ингэх зуур энэ лавтайяа Лиззи гуай биз ээ гэж баярлан боджээ.Роберт эргэж харав. Саднюк хадагтай ирж явна. Тэрбээр богино банзал өмсөж, тайрмал үсээ цомцоглон боожээ. Үзвээс биеийн тамирын гүйлтэнд гарсан бололтой.
-Мадам Та юу соёрхохсон бол?
-Чи бүр гэеүрчихсэн явах чинь!
-Юун гэеүрхэх билээ,Мадам! Их халуун байна. Би бүр нозоорчихоод байна гэж хэлээд <<ингэхэд ер нь би халууцаж байсан ююм уу даа>> гэж Роберт бодлоо. Түүний санаанд тэгтлээ халууцаж явсан өдөр орсонгүй ээ. Түүний хар арьс нар салхинд идээшлэхтэй юмны нэг байв. Роберт аль хар нялхаасаа ажилд нухлагдсан хүн билээ. Багад нь түүнийг даага уналганд сургаж, залуу охиныг богтолж хадамд хүргэх шиг хар ажилд дөргүй зүтгэхийг албадан зааж билээ. Харин Роберт хорвоогийн өөрт нь тулгасан тэр тавиланг даага, залуу бэр хоёрын аль алинаас хүлцэнгүй бөгөөд тэсвэртэйгээр хүлээн авсан юм.
Хэн тэгэж сургав хэмээвээс амьдрал хэмээх хэрцгий боловч дээд зэргийн нарийн мэргэжилтэй багш ингэж сургасан ажээ. Тэгээд ч наранд гандаж, салхинд зэврэв ч, бороонд голгүй норж явсан нь ертөнцийн өдрийн тоогоор бус, цагийн тоогоор түүнд тохиолдож, амьдралы нь бүрэлдүүлэлцэж байгаа жирийн үзэгдэлүүд ажээ.
-Тэгвэл би ер халууцахгүй байна. Яагаад тэр вэ? гэж Мадам Саднюк асуув. Роберт нүдээ өргөж Мадам руу харлаа. Зөвхөн хийсэн ажлынх нь сайн мууг тогтоох гэсэн шиг анхааралтай нарийн харж явдаг Мадамын гярхай цэнхэр нүд хар арьст залуугийн нүүрэн дээр найланхай тогтуун тусаж, уруулд нь хөнгөн инээмсэглэл тодорч байв. Тэр инээмсэглэл өвлийн ороог гэрчлэх мөнгөн хяруу адил дотоод ялдам сэтгэлийн дурсгал байсан хийгээд цээжнжжс нь түрэн гарах хүчтэй амьсгалд шулуун хамрынх нь нүх мэдэгдэхийн төдий сарталзаж цээж нь нь хөнгөнөөр оволзож байсан зэргийг Роберт ажигласангүй. Хар ажилд хүрз савар шиг мөлхөж, зандарсан болгоны үгний үзүүрт дохисон шилбүүрийн хуйв шиг гялалзаж явдаг тэрбээр тийм нарийн ширийн юмыг яаж ч ажиглах байсан бэ дээ.Тэр цагаан арьст боловсон бүсгүй хүний сэтгэл зүрхний зүүний үзүүр мэт нарийн өвлийн үдийн зэрэглээ мэт ховор уран хөдөлгөөн хор буртаг, өвс шороо харж сурсан залуу эрийн борог нүднээ бөртөж тусах нь үгүй байлаа. Тэгээд өмнө нь Лиззи авхай байгаа бол өөр хэрэгсэн. Гэтэл үгүй, мэтгэлд нь эрх бурхан Мари дагина мэт өөрий нь үл хүрэх, үл хөндөх жич нэгэн байрыг эздэн оршдог эрхэмсэг Мадам Саднюктай болзсон мэт их цэцэрлэгийн зайд ингэж уулзсандаа мань эр бэрэвшин бантаж, Мадамын хөнгөн хувцастай гоолиг цагаан бие, тунгалаг цэнхэр нүдний нь намирах хур, найгах цэцэг мэт уянга халамж төгс харцнаас нүд нь аяндаа хулган хальтарч байлаа. Тэгээд нүүрээ буруулах зуур <<би энэ согоо, солонго шиг амьтны өмнө ямар үзээрийн муухай харагдаж байгаа бол>> гэж гаслантайгаар боджээ. <<Лиззи авхай хэдий хар арьстай боловч Саднюкийн нэгэн адил эм хүн тул над мэтэд олдох зүйл биш болов уу?>>хэмээн ховор нандин юмаа нэгэнт алдсан золгүй амьтан мэт гол зүрх нь харлан гонсойжээ.
Нүд халтирч, сормос буусан газар хэзээ ч итгэл эерүүн, ухаан цэлмэг байдаггүйн тул Саднюк авхайн асуусныг Роберт хэдийн мартчихсан ширүүн багшийн өмнө зогсож байгаа бяцхан шавь шиг навсгар нөмрөгийнхөө сарампай хормойг имрэн, догшин гялалзах тунгалаг хар нүднийхээ зовхийг хагас буулган зогсож байлаа.
- Роберт чи юунд миний асуусныг хариулахгүй байна гэж Саднюк авхай тулгав. Роберт нүдээ албадан өргөлөө. Гэвч,
- А а а н!.. Юу гэнээ гэж тэнэг юм шиг ээрэв.
- Чи хаачаад ява чинь энэ вэ, өнөөдөр амралтын өдөр шүү дээ гэж хэлээд авхай зальтайхнаар нүдээ ирмэв.түүний хурц ирмэгтэй будмал юм шиг цэвэрхэн уруулын хажуу дээд талд будаа тогтож, шүүдэр оочих бяцхан хонхорхой гарсныг Роберт ажиглаж байв. Тэгээд цочсон юм шиг:
- Би юу?? гэв.
- Тийм ээ чи, -Мадам нартайхан инээмсэглэнэ.
Гүй ээ, ойгоо эргэж явна. Өчигдөр нэг үхэр оготоно харсан юм, бамбай цэцэгний ул идчихвий гэж бодоод, гөрөөлөх санаатай гарсан чинь дайралдахгүйнэ гэж худал хэлэв.
Уг нь хар бандь маань үхэр оготны эрэлд биш, моддын хөлөөр ургадаг зэрлэг сонгины үндэс түүж, эзний оройн зоогинд байгалийн хачир бэлтгэх гэж явсан Лиззи гуайг нэхэн гарсан байж л даа!
- Зөөлөн салхи гарч нарны элч саамаар болохоор нь биеийн тамирын хөнгөн зугаалганд гараад явна гэж авхай уг нь ямар ч утга үндэсгүй боловч, Робертод өөрийн зорьсон хэргийг тайлбарлах маягаар хэлэв. Гэвч тэрний ингэж ярьсан нь ор үндэсгүй байлаа. Тэрбээр Робертын хайчиж байгааг мэдээгүйболовч, түүнийг нэхэн гараад гүйцэж ирсэн нь энэ ажээ.
- Аа тийм үү, одоо ч нарны элч саарчихлаа шүү гэж негрзалуу батлав.
- Роберт оо, би горхины урд хормойд ойн гүн рүү нэг үхэр огогтно олж харсан шүү. Хачин том юм билээ. Би золтой л гишигчхээгүй..
- Таны гүйж явахад дайралдаа юу, Мадам аа.
- Тийм, би бүр дунд хурдаар гүйж явсан..: Хоёул тийшээ очиж тэр оготныг гөрөөлөх үү?
- Тэгье ээ тэгье л дээ гэж Саднюк авхайн зүгээс өөртэй нь ийнхүү
элбэг баян харьцаж, тал өгсөнд Роберт урам зориг орон өчлөө.
Гэвч горхины урд хөвөө ойн гүнээр нүцгэн шахуу эмэгтэй хүн хэрхэн биеийн тамирын гүйлт хийж болохыг тогтож бодсон бол Роберт төсөөлж чадахгүй байсан биз ээ. Саднюк авхайн хэлсэн үгэнд дэгс догс, хар цагаан байж болно нэж негр залуу хархүү зүүдэлсэнгүй зогсож билээ.
Хад асга хөег сондуул дамжин хар залуу, цагаан арьст авхай хоёр ирэлзэн урсах горхйиг модны чөлөөгөөр хааяа харсаар, үен залгаагүй шулганан шууних хонгор дуугий нь тасралтгүй сонссоор явна. Ингэж явах гэдэг зугаатай юмны нэг ажээ. Гэвч Роберт тэр зугаа цэнгэлийг бараг амсаж чадахгүй байв.
Эзнийхээ авхайтай ингэж хамт яваа маань ер юу болж байна даа гэсэн аймтгай бодол залуу эрийн зүрхийг дааж ядам хүнд ачаа болон дарж байв. Энэ хүнд ачааны дор Роберт маань мянга дахин үхэн баарцаглаж явлаа.
Ингэж явах нь бас Лиззийн өмнө тоо томшгүй нүгэл хийж байгаа мэт бодогдоно... <<Би ямар ч буруу юм хийгээгүй болно. Эзний авхайн хэлсэн ёсоор үхэр оготно агнаж, цэцэрлэгийг нь үхэр оготноос хамгаалахаар явна...>> гэж албадан бодовч өөрийгөө хуурч байна гэдгийг мэдэж буй сэтгэл нь гонсойх ажээ. <<Аян>> бушуу төгсөж Саднюк Мадамын өмнө нь юм уу ард нь орж гэртээ ганцаар харих юмсан гэдэг учиргүй аминчхан мөрөөдөл мань эрийн сэтгэлд жижүүр, хаалгач мэт уяатай хадаатай явлаа.
Тийм том бус бут сөөг, гишүү, мөчир, хад асганд бүдрэхдээ Мадам Саднюк хөнгөн ялдам дуу алдах хийгээр 33 насны боловч эвдрээгүй шулуун сайхан хуруутай, хунгийн үзүүр мэт танан цагаан гараараа Робертын урт биеийг ороон барьж бороогүй зуны тэнгэр шиг тунгалаг жэнхэр нүдээрээ үргэлж наалинхай инээмсэглэн явах агаад энэ бүгдийг ахиж мэдрэхдээ эр хүн тул хар залуу маань зүрхэндээ нэгэн баярыг эдлэх авч айх зовох хоёр цуснаас нь сэтгэл рүү нь түрэн тэр баярыг давамгайлан дарж байжээ.
Тэгээд яагаад ч юм бэ их л хурдан явах бөлгөө.<<Та нөгөө үхэр оготныг хана харсан юм бэ>> гэж асуух ч ухаан Робертод төрсөнгүй. Тэрбээр авхайн хойно өмнө амьсгаадан гүйж, дөртэй хар тугал шиг л бөлтөлзөн явна.
Саднюк авхай Робертын гараас угзрав.Тэгээд хоёр гараа мөрөн дээр нь тавьж нүдрүү нь эгц харан зогслоо.
- Би нөгөөх оготноо олохгүйнэ шиг байна, хонгор минь. Гүй ээ, тэр золиг юу л гэж биднийг хүлээж байгааж даа!Тэгээд ч би буруу газраар явчих шиг болов гэнэ.
Саднюк авхайн хунгийн элэг шиг цагаан цээжээ оволзуулан амьсгаадахад гарах хөнгөн бүлээн амьсгал хар залуугийн нүүртйг илбэх хийгээд тэр могой мэт жигтэй үдийн нар мэт хүчтэй амьсгал зүрхэнд нь хүрэх шиг болж биеий нь доргиож байлаа.
-Бид ч одоо олохоосоо өнгөрлөө дөө! Хонгор Роберт минь ээгэж Саднюк авхай ялдамхнаар давтсанд <<хонгор минь ээ>> гэсэн ганц үгийг Робертын чих төдий бус түүний бүх бие зүрх сэтгэл шүүрэн сонсжээ.
Тэр залуу бага хүүхэд мэт хурган буржгар толгойгоо илбэж, сэхээ авах зуур:
- Тэгвэл одоо буцъя даа, Мадам та ядарчихлаа гэж хариу өчив.
Саднюк авхай <<ядарчихлаа>> гэсэн үгийг өлгөж:
- Энд зөөлөн өвс байна, хоёул жаалхан амраръя гэжээ.
- Та суу, Мадам аа би зүгээр гэж жаал хархүү бишүүрхэж байгаагаа
нууж чадалгүй хэлээд дор нь дэвсэж өгөх юм бил үү гэж навсгар дан хүрмээ тайлах гэснээ хадагтай лав сэжиглэх байх гэж эмээгээд Саднюк рүү харсанд хүүхэн аль хэдийнэ түүний бодлыг таачихсан:
- Зүгээр , зүгээр чам шиг ажилч залуугийн хүрмэн дээр суухад
өөрийгөө би ховор азтай хүүхэнд тооцно гээд баяртай инээжээ. Хүүхний энэ өдөж хатгасан үг, хөөрүү инээд хоёр Робертын зүрхэнд баяр айдас хоёрыг зэрэг хадааж байлаа...
Саднюк авхай уг нь Роберт шиг ядуу айлын хүүхэд байж билээ.
Тэр биеийн тамирыг хичээнгүйлэн оролдсоор холын зайн гүйлтэнд Америкийн аварга болсон юм. Энэ баярт явдал 16 жилийн өмнө тэнгэр бүрхсэн намрын нэгэн өглөө Чикаго хотын <<спорт>> хэмээх цэнгэлдэх том хүрээлэнд болж, тэр өдрийн оройн сониноос эхлэн залуу бүсгүйн зураг нэр хоёр хэдэн өдрийн турш АНУ-ын сонины хуудсанд хадаастай явжээ. Мартин ноёны хэлдэгээр нөхөр нь Саднюкийг <<спорт>> хүрээлэнд <<олсон>> юмсанж.
Авааль гэргийгээ жилийн өмнө үхүүлсэн Мартин гуай тэр жил 59 настай байж билээ.
<<21 насны зөрөөтөнгүүдийн баян хурим>> тэр гэж Чикагийн том сонинд Мартиг Саднюк хоёрын хуримыг гарчиглан бичсэн нь залуу бүсгүйн гүйлтийн аварга болсноос хойш сар хагасын дараа болсон хэрэг.
Тэр сонинг гарчиглаж байгаад <<21 насны зөрөө>> гэсэнд нь... Саднюк бухимдан зогсоход <<баян хурим>> гэсэнд нь Мартин хагартлаа баярлаж суусан юм. Насны зөрөөний тухайд өвгөн огт юм санаагүй бөгөөд баян хүнтэй суухыг <<зөв>> гэж шийдсэн Саднюк <<баян хурим>> гэж том үсгээр бичигдсэн хоёр үгийг тайван амирлангуй нүдээр харж сууснаа санаа алдаж байсан юм. Энэ бүхэн одоо гэвэл улирч баларсан хойд үеийн явдал гэхээр болжээ. Өвгөн залуугийн хослол тэр тухай мартсан нь эс боловч, дурсаж ярих нь хэдийнээ үгүй болсон хийгээд дээл хувцас мэт үйл явдал ийнхүү хуучирдаг жамтай ажээ.
Тэгэхэд ноён Мартин Саднюк бүсгүйд үнэнээс хайртай байж халамжилхын дээдээр халамжилж мөнгө, нэр сүр хоёроо харамгүй соёрхсон юм.
- Чи бусдын өмнө мөнгө гаргаж миний нэрийг барьж ярьж бай.
Тэгэхэд бүх зүйлс чинь ширхэгчлэн бүтнэ гэж Мартин гуай сахьдаг байсан хийгээд үнэхээр энэ ёсоор болдог байж билээ. Саднюк ч эрх танхи, элбэг дэлбэг байдалд авьяаслаг дасаж буян хишгийг эдлэн, 18 насны жирийн цовоо охиноос дорхноо баян ихэмсэг хадагтай болон хувирч билээ.
Дараа жил нь бөөрөнд нь чулуу ургасан учир биеийн тамираас бүр мөсөн холдоод <<зандрах>> ажилд суралцаж, удалгүй хоёр нэгэн жил улирхад аяндаа Мартины их өв хөрөнгийн эзэн болон хувирчээ...
Мартин гэвэл баян, буян, нэр гурваа эрхмийн дээдээр дээдэлж явдаг 75 насны өвгөн. Энэ Мартин гуай маань махан улаан зүрхэндээ бүмгүй хүнийг хайрлах ид шидийг алдсан хүн хийгээд зүрх сэтгэлийн ажилд өвгөний гарыг харахгүй болсон Саднюк ч түүгээр халамжлуулаасай гэж бодохыг больжээ. Саднюк өөрийнхөө өвгөн Мартины нэрийг өргөх чимэг хачир төдий зүйл гэдгийг ч хэдийнээ ойлгосон хэрэг.
Түрүү эхнэрээс хүүхэд заяагаагүй бурууг авгайдаа өгдөг байсан юм. Саднюкийг аваад 16 жил өнгрөхөд мөн л өөрийн гэмэн үртэй болж чадалгүй явсаар, одоо буурал хорвоогийн 75 дахь жилийн тоосонд мөрөө даруулж эхэллээ.
Өвгөн талийгаачийг амьд сэрүүн явахад хар тамхинд орсон хүн юм байна. Төрийн хэргээр Гонконг нутаг, хятад газар яваад л залуу авгай хар тамхи хоёрт орчихсон юм гэж үе тэнгийнхээ өвөгцүүлд ярьдаг нь үнэн хэрэг ажээ. Өвгөнийг өндөр нас цас шиг дарж, өглөөн мөнгөн хяруу адил толгой нь цайгаад, цусны нь бүлээн догшин буурч, дээсний элч сулрах мэт булчингаас нь чадал харьсан сүүлийн хэдэн жилд гэвэл Мартин гуай Авгайгаас бараг гарч архи тамхи хоёрт ихэнх мэдлээ өгөх болсон бөлгөө.
Хар тамхи татаж сурсан хүний ухаанд хар шуналын үлэмж ихтэй нэгэн сэтгэл үүсдэг бөгөөд тэр сэтгэлийг номхроон захирах гэгч ерттөнцийн хамгийн хэрцгий зэрлэг амьтныг ч болов гэрийн болгон хөлгөлхөөс лавтай хэцүү хэрэг гэлцэнэ. Тэр хар шуламын бодогдох хүсэгдэх гэдэг нөхцөлгүй ажээ. Тийм үед эхнэр хүүхэд, ээж аав, элгэн садан, эд хөрөнгө, эрдэм ном чухам юунд ч сэтгэл үл хууртах хийгээд гагцхүү амтлсан шулам хар тамхийг л бүх бие цогцос, дотоод сэтгэл хүсэн хүсэж мөрөөдөн мөрөөднө. Толгой дээгүүрээ хөнжил нөмөрч дөрвөн хөлөлж хэвтээд хар тамхины могойн хэл, үнэгэн үсний сор мэт утааг усруу үйсэн цангасан адуу адил залгилхад ертөнц хорвоод бүх юм мартагдаж, амьдрал гэгчийн амт, хамаг сайн сайхныг бие сэтгэл соёрхон эдэлж нуурын хун нутгийн галуу мэт цэнгэн цэнгэж жарган жаргана. Удалгүй бие алдран амаржиж, ор бодогдож санагдах юмгүй болох хийгээд салхигүй тал дахь мянган жилийн тогтмол хар ус лугай хар тамхичны сэтгэл тайван амирлангуйн туйлд хүрнэ. Ийм үед Мартин гуай толгойгоо салаавчлан гэдрэг харж хэвтдэг бөгөөд түүний сэтгэл биенээс нь салж одсон мэт энээ тэрээ юмыг бодохыг больж, зөвхөн бие нь халуу дүүгсэн торгон хөнжил мэт бүлээн дулаан дохитой сайхан байгааг хаана ч юм тэрбээр лавтайяа гүнзгий мэдрэнэ. Сүүгээ цадатлаа идсэн нялх хурга л ээжийн бүлээн бөөрөнд ингэж сайхан хэвтдэг буй заа. Ингэж хэвтэхээс өөр ямар ч хүсэл үгүй хийгээд зарим үед ийн хэтэхэд нь Саднюк өвөрт нь давхиж орж түүний тавыг алдагдуулна. Тэгэхэд өөрий нь мөрийг хадгалан тэртээ ард хоцорсон гэгээн өдөр, дурсгалт шөнүүдэд уран баян залуу хорвоогийн цогцос хэмээн бодогдож явсан ганган залуу гэргийрүүгээ харъя гэж хичнээн бодовч дур эс хүрнэ, бмирлангуй тайван хэвтэхийг л өвгөн эрхэмлэн эрхэмлэнэ.
Гэвч залуу хүүхний байгалийн хүслэн гэдэг хорвоогийн амьдралыг бүтээлцэж байгаа их эрмэлзлэлийн нэгэн тул өвгөнийг нүцгэн биеэр ноолж үнсэж үлгэж амраглаж хайрлана. Тэгэвч цөөн мөчийн өмнө хар тамхи татсан 75 насны будан буурал хорвоог сэтгэл сэрэл хоёр үүрд орхисон мэт Мартин үхсэн адил хэвтсээр л байна. Ингэж эрмэлзлийн туйл эрмэлзлэлгүйн туйл хоёр нэгэн хөнжил дор ертөнцийн өдрөөс хугасалж шөнийг элээх хийгээд энэ бол хар муу явдлаар мундахгүй баян, гуниг баяр хослуулсан хөлгүй далай амьдралын эмгэнэлт нэгэн учрал байв.
Тэр хоёр гэр бүлийн гунигт амьдралаар амьдарсаар хаврын урийг зарлан гангар гунгар донгодсоор ирдэг шувуун дууг зургаан удаа сонссон боловч салж сарних асуудлыг хэн нь ч зориглон хөндөлгүй өдийг хүрчээ. Ертөнцөд учир начиргүй юм гэж байдаггүй гэдэг. Салахгүй гэж шийдсэн тэдний хоёр сэтгэлд ч учир начир байсан юм. Энэ бол Саднюкийн залуу нас, Мартины өвгөн нас хоёр байв. Залуу ялдам хүүхнийг гэргэийгээ гэж дагуулж явах өвгөнд сайхан байсан бол өвгөнийг өөд болохын цагт өв хөрөнгө минийх гэж бодох Саднюкв баяр байлаа. Тэднийх гэдэг айл өнөө маргаашийг дүүргэх эл хоёр бодлын тэнхлэг дээр ийнхүү тогнон оршдог байлаа. Саднюкийн өвгөнийг хуурсан гэдэг тоймгүй олон бөгөөд анхны үед <<хохь чинь!Юунд насныхаа хирийг мэдэхгүй залуу авгай авсан юм бэ? Би ямар хандмаа биш яав ч чамайг харж цэвэр тунгалаг явж чадахгүй>> гэдэг бодлоор өөрийгөө цагаатгаж байсан бол сүүлдээ энэ мэт цагаатгал нь сэтгэлийг засах нүгэлийн наминчлал төдийгөөс хэтрэхгүй гэдгийг мэдэж зүгээр л өвгөнд мэдэгдэхгүйгээр олдсон бололцоо болгоныг ашиглаж зугаалахыг эрхэмлэдэг болжээ. Хааяа нэг <<хоёрын хорьоо нэг ч ийм л байдаг юм байна даа!! Энэ хорвоог гадарлаж эхэлж байсан 15 насны ариг цагаан охин явахдаа би ямар сайхан юм мөрөөдөж байгаа вэ?..>> хэмээн бодож санаа алдах аж. Эр эмийн үнэн шударга байх ёсноос Саднюкт ердөө энэ л санаа алдалт үлдэж билээ.
Өвгөний өврөөс ор руугаа бухимдан буцаж явахдаа маргааш л үүнээс сална заавал сална гэж андгайлж байсан нь олон боловч өглөөдөө тээнэгэлзсээр өдөр хэрд тэр бодлоосоо бүр мөсөн няцдаг байлаа. Энэ зуур <<баян өвгөнөөс салах гэдэг тэнэг хэрэг болно. Өвгөний дараа туйлах нас надад элбэг үлдэх бус уу>> гэдэг сэтгэл Саднюк авгайг жолоодон хөтөлдөг байжээ. Тэр хоёрын лавтайяа салахгүй торгон учиг үзүүр үүнд орших болно.
Өвгөнийг харж суухгүй гэж сэтгэлээн дэврээн явсаар Саднюк эрийн дон нөхцөх аюулд оржээ. Тэрбээр саяхан Каир, Багдат нутгийн өвөг дээдсийн амьдралаас сонирхолтой туурвисан <<1001н шөнийн үлгэр >> хэмээх нэгэн гайхамшигт туйлсыг уншаад хар боолтойгоо эрээ цээрээ алддаг байсан эрхэмсэг гоёмсог хатдын биед нууцхан атаарахах болж билээ. <<Өөрийн бодол өөртөө яьахад улсын архиваас нууц байдаг болсон хойно доо. Би гэмээ туршаад үзэхэд яадаг юм бэ? Роберт ийм хөөрхөн тэгээд хичнээн ажилсаг билээ. Арьсны нь өнгө бас тийм их хар биш шүү дээ! Тэр ер үзсэн болов уу?... Лав үгүй байх аа! Гэвч би түүнд хорвоогийн нэгэн жаргалыг эхэлж амтлуулж болохгүй нь юу билээ!.. >>гэгчлэн юмыг Саднюк авхай дон нөхцсөн мэт боддог болсон хийгээд ингэж бодлоо гэж тэрбээр өөрийгөө нэг ч удаа зэмэлсэнгүй билээ.
Тэгээд ч харуудтай хавьтаж ойртохыг Нью-Йоркийн залуу галанз хүүхнүүд нэгэн сонин явдал болгон хүүрнэлддэг байв. Харуудыг биеийн цангааг гаргахад ашиглаж сониуч сэтгэлийн оньсыг тайлах нь арьсны үзлийн хана хүрээнээс халиагүй зүйл гэж үзэж инээдэм наадам болцгооно. Толгой нь л эс хамуурсан бол ямар цагаан арьст хүүхэн хар арьст залуутай кино театр хэсэж, бүжгэн жүжиг үзэхээр явах юм бэ? гэлцэнэ.
Амьдралд хараахан иймгүй байдгийг тэд мэдэх боловч энэ мэтийг бүхий л нийгмйин бодол сэтгэл болгон ярилцдаг байлаа. Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд:
Тэр хоёр Робертын муу нөмрөг цамцан дээр багтан сууцгаажээ. Янаг амраг нүгэл хилэнцийн асуудалд Роберт маань завгүй байсан болохоор бүх зүйлийг төсөөлхийн төдий л байж билээ... Тэр хар залуу ертөнцөд өөртэй нь учирч байгаа юм шиг ийм юм байж болно гэдгийг огт зүүдлээгүй бөгөөд өөрийгөө гарцаагүй зүүдэлж байна уу гэж үе үе сэргийлэн шалгаж байжээ. Юу гэвэл Саднюк Мадам Робертын уруул дээр хааяа үнсэж, тачаал янагийн хөөрсөн цусанд цохигдож, бүрэлзэн сүүтийх харцаар ширтэсхийн суух ажээ. Сүмийн дотор сүжигт хүн бурхнаас буян хишиг, сүмийн гадна гуйлгачин хүн орох гарах мөргөлчдөөс сохор зоос ингэж л гуйдаг билээ.Роберт гэвэл хишиг хайрлах эс хайрлах нь үл мэдэгдэх дээд нэгэн бурхан тэнгэр байлаа...
Робертын айх зовлон нимгэрэн нимгэрсээрбөгөөд сарних үүл мэт холдож байгаа айдсын орыг байгалийн хүслэн муу ч болов эрийн зориг шийдвэр нөхөн эзэлж буйг тэрбээр алгуурхан мэдэрч байв. Сайхан Саднюк авхайн нүцгэн мөрөн дээр гараа тавиад догшин харлаг нүдээ намуухан өргөхдөө хав хар гарынхаа чичирхийлж байгааг тэр үзжээ. Саднюк авхайн мөр хар шуун доогуур нь гулган наашилж мөрөнд нь хүрээд хадаг мэт зөөлөн члдам гараар Робертын хоёр хацрыг илбэн илбэхэд залуу негр тэр эсийн биеийг чанга тэвэрч дүй майгүй үнсэж эхлэв...
Саднюк хөлөө жийж элс нураан мөлхөх могой мэт алгуурхан хажуулдахдаа биеий нь өөр рүүгээ чангааж байгааг Роберт мэдэж бүх юм үүндээ тулсныг нэгэнт ойлгож билээ...
Байгалийн нүгэлт хүслэнд ухаан хугаслагдаж, бодь биеийн эдлэх жаргалд умбахад дөхөж элий балай явсан ч Саднюк авхай хажууханд нь гэнэт хатсан гишүү хугархыг соргог сонсож нүд өргөв. Бүх биеэр нь хүйт даан, мөчийн зуур цэл ногоон зун, хахир хатуу өвлөөр соигдох мэт болов оо. Гурван алхмын цаана бүдүүн хар негр хүүхэн зогсоно. Лиззи авгай байлаа. Тэрбээр тэнэж чваад арслан барс дээр орчихсон юм шиг айж эмээхийн туйлд хүрэн зогсоно. Өөх хурсан хүрэн нүд нь духан дээрээ гарч навтгар хамар нь янтайж огшоод амаа <<О>> үсгийн хэлбэртэй дутуу ангайжээ. Лиззи дуугүй хашгирч байв! Элгэн дээрээ авсан хар гарнаас нь зэрлэг сонгино цувран унаж байв...
Роберт? Роберт юу ч мэдэхгүй цэл ногоон зундаа цалгиж явлаа. Саднюк хүчинд автсан хүний дүр үзүүлж, Лиззи авгайгаас тусламж эрэн хашгирав. Робертын зүрхэнд гэнэт сэрүүн намар унах шиг болов. Саднюк авхай негр залууг нүүр нүдгүй балбалаа. Роберт балмагдан өндийсөнд Лиззи авхай салгалан дөхөж яваа харагджээ. Түүний зүрхэнд тэсгим хүйтэн өвөл залагаж мэтгэлд нь хав харанхуй шөнө уналаа.
- Энэ намайг... энэ намайг хүчиндэх гэв гэж авхай хилэгнэх
хоолойгоор шархагдсан охин барс шиг хашгачихыг тэр залуу сонсох сонсохгүйн хооронд зогсжээ.
Лав л өөрийгөө өмгөөлөх гэсэнгүй билээ. Роберт чухам юу гэж
хэлэх гэснээ өөрөө ч мэдсэнгүй. Юу ч л гэсэн <<Мадам Саднюк >> гэж эхлэх гэсэнд гомдол хорслын сэтгэлд түрэндэж хөөрсөн цус нулимс хоёр хоолойгий нь бөглөж гацаад огт дуу гарсангүй. Тэрбээр урт хөл дээрээ найган, баруун гараа хоосон савчиж дээд уруулаа татвалзуулан зогслоо. Нүдний нь цагааныг хөөрсөн цус бүрхэж, хөмсөг нь булчин мэт атрилдан задарч байв.
Маргаашийн сонины 1-р нүүрэнд <<Роберт хэмээх 18 насны негр залуу <<Н>> фермийн <<Н>>-ын гэрийн цэцэрлэгт ажиллаж байгаад эзнийхээ гэргийг хүчиндэх гэсний учир ажлаасаа хөөгдөж шүүхэд шилжлээ>> гэсэн мэдээ нийтлэгдсэн байв.
Роберт, Лиззи хоёрын зургийг мэдээний дор тавьж <<Зүүн гараас хэрэгтэн Роберт, гэрч Лиззи>> гэсэн тайлбар дор нь биёсэн харагдлаа.
Улаанбаатар, 1969.2
ХОНГОР СУУЗИ
Магди л тэр орой Суузийг дагуулж ирээгүй бол хонгор Суузитай учран золголгүй явсаар энэхүү үйл явдлаараа алаг туужийн төгсгөлд болсон гунигт явдлыг би гэнэт сонсох байсан бизээ. Ингэж бодох болгондоо би сүүтэй ээжийн ариг цагаан ботго шиг ур намбыг хослуулсан хөөрхөн Суузийн ухаант алаг нүдийг өмнөө эрхгүй үздэг юм.
Ийм мөчид сэтгэлийн гүнээс элдэв бодол баяр хөөр туугдсан мэт хулжиж, дотор эзгүйрэн хоосрох бөлгөө. Тэр хүүхэн үнэхээр хонгор нэгэн байсан юм даа.
Хэдийгээр золбин хүүхэд явсан авч түүний хүмүүжил сайн зүс царай нь асрины бодны шингэн ягаан цэцэгний зул хонхон дэлбээ мэт ялдам агаад ямар ч оо энгэсэг тэр ховхрхон заяасан нүүрийг бүрзийлгэж гутаахаар ажаам.
Гэвч хонгор Суузийн сайхан нь түүний уран гоо төдийд байсан хэрэг биш билээ. Үүнд л хамаг явдал түүний амьдралын утга учир үрших бөлгөө.
Тэр орой Магди намайг болзоот хүүхнээ үзнэ үү гэж урьсанд би түүнийг дагалдан гарлаа.
Бие сэтгэлд тав засах мэт өрөөний бүгчимд ядарсан намайг хааяа нэг сэрүүн хаялага бүхий хонгор салхи найрсгаар угтав. Нилийн эргийн гурван өндөр цацын орой дээгүүр нар шургаж балчиг халуун харьж, сэрүү татаж эхэлсэн цаг байлаа. Энэ бол мөнх ногоон Мисир нутгийн, жаргалд умбаж ханасан сэтгэл мэт тавиун нэгэн үдэш бөлгөө. Тэр алдарт гурван цацын хормойд нэгэн жилийг барахдаа 365 үдшийг өнрөөсөн боловч хонгор Суузийтай танилцсан тэр орой шиг сайхан орой одоогоор миний сэтгэлд үлдэж хоцроогүй ээ. Хожим бодоход тэр үдэш хонгор Суузийтай жигтэйхэн адилхан санагддаг юм.
Бид машин руу дөхөж очив. Машины хойт хаалга нээгдэж Суузи гарч ирлээ. Бид хоёрын хэн хэн нь Магдийг хүлээсэнгүй.
- За сайн байна уу, Суузи?
- Хөөе сайн байна уу, Цэрэндорж оо!
Бид хоёр хэзээ язааны танилууд байлаа. Магди надад Суузийн талаар үргэлж ярьж байсан шигээ Суузийд миний тухай үргэлж ярьж байсан гэдгийг би юунд андах билээ. Бид хоёрын нэн найрсагаар мэнд өргөлцөж, уулзаагүй удсан ах дүүс шиг золгон учирсан нь Магдийн баяр гайхал хоёрыг зэрэг төрүүлж байсныг бид мэдэрч зогслоо. Бид ийм л амархан танилцсан юм даа.
Хүний зүрх мэдэрхүйн их чадалтай, гойд нарийн хийцийн цогцос шүү! Би Суузийг тийм л бүсгүй байх гэж бодсон юм. Бараг л таажээ. Тэр бид хоёрын нүд нүдэн дээрээсээ ойлголцож, үгээ гүйцээж ярилгүй утгы нь цаана гарчихаад хөхрөлцөж байв. Магди ч бид хоёрыг хөгжөөж,
- Та хоёрын ярих хөөрөх, бодох санах, ер бүх юм чинь ижилхэн юм.
Суузи чиЦэрэндоржийн хуурай дүү нь бол л доо гэж дамшиглав.
- Тэгье л дээ. Тэгвэл чи хуурай хүргэн нь болох уу?
- Хүргэн ч ерөөс хуурай байдаг л даа. Суузи давагдсандаа болж,
мөн их үг хэлээд хэцүү додигор зогсох Магдийг шоолон хөөн хар нүднээсээ нулимс гартал хөгжилтэй сайхан инээв. Магди бид ч инээлдэв. <<Ер хиргүй огт булай буртагийн ор мөргүй сэтгэлд нь л ингэж инээж чадах бизээ. Ингэж зөвхөн Суузи л инээж чадах биз ээ.>> гэж би бодож зогслоо. Суузи инээдээ барьж ядан:
- Хуурай хүргэн гэж хэлээд дахин хүчтэй хөхрөв.
Тийм инээдийг сонсоод зүрх баярлан цохилж байлаа. Тэр бүсгүйн бид хоёрыг ээлжлэнхарах торомгор нүдэнд би амьдралын үнэн дээд сайхан бүхнийг, адал явдал, худал хуурмаггүй байгалийн ариун гоо бүхнийг олж харлаа. Суузийн тэгж харахад нүд нь өөрөө чрьж байх шиг надад санагдсан. Би тэр болтол хэзээ ч дотоод сэтгэлээ тэгж илчилж чаддаг, эзэндээ тэгж зохисон нүдийг үзэлгүй явжээ..
Тэрнээс хойш Магди <<Хуурай хүргэн>> хочтой болсон юм. Бт нэг удаа албан хурлын үеэр түүнийг <<хуурай хүргэн>> гэж дуудсаны учир хурлын даргад муухай харуулсан удаа бийсэн. Хурлын дараа Магди намайг тавлаж алга ташин, том бөгсөө хойш хаяж, бөхийн зогсоод унзад хоолойгоор <<ха ха>> хэмээн том инээж байсан юм.
Магди, Суузи хоёрыг ирэх болгонд би бөөн баяр хөөр болдог байв.
Үнэндээ Магди бид хоёр бол ч яах вэ хоёул сурвалжлагчийн ажилтай учир Каирт шөнийн од мэт элбэг байдаг хэвлэлийн бага хурлын үеэр юм уу түүний ажилладаг <<Аль Гумхурия>>* сонины газарт, өөр ер хаана ч байж магадгүй, үргэлж гэхээр дайралддаг улс билээ.
________
*<<Аль Гумхурия>> БННАУ- д гардаг томоохон сонины нэр.
Аль Гумхурия гэж Бүгд Найрамдах Улс гэсэн араб үг.
Суузи бид хоёр гэвэл уулзалдах нь ховор л доо. Тэр хоёр манайд хааяа л нэг ирдэг байсан юм.
Магди хувийн машинтай байсан нь Суузийн хэлээр тэр хоёрын Каирыг надад сурталчилахад их тус болж билээ.
- Бид хоёр чамд Цэнхэр Нилийнхээ амтыг таниулна. Мэндий нь
өндөр Алтайдаа очиж өгөөрэй. Алтай цацыг дамнуулан ард түмнийхээ явах гүүрийгдаруй тавих юмсан... Ноён Насер юу бодож байдаг бол гэх мэтээр Суузи хөөрөхөд би түүний ярианд дор нь татагдаж, хоёр орнб харилцааны хөгжилд хамаарагдах бодит нөхуөл шалтгааны талаар ярих болдог байв. Гэвч бидний ярианы сэдэв даан өргөн байж билээ. Суузи над шиг олон сургууль төгсөөгүй, Суузи эрдэмтэй хүн биш байсан боловч тэрбээр Магди бид хоёроос хавьгүй давуу байсан юм.
-... Чи ухаантай бүсгүй юм даа гэж миний нэг удаа хэлсэнд,
- Би тийм ухаантай байна гэж үү... Би нийгмийн шоовдор охин яваад, сайн хүний гар дээр очиж хүмүүжсэн бүсгүй л дээ. Бойжихыг би гудамжинд бойжсон л доо! Зөвхөн өөрийн биеийг дөрөөвчилж халуун хүйтнийг тэнхлэгдсэн энэ хорвоод нохой явган, гахай нүцгэн ирсэн надад хүмүүс их юм өгсөн. Тэдний зүрх нарны илчээс илүү дулаан гаргадаг юм байна. Ингээд би буурал дэлхийд амьдрахад хөлдөж үхэхгүй нь гэдгийг мэдсэн юм. Хорвоогийн дулаан нь хүйтнээсээ хүний зүрхний илчээр илүү юм байна гэж хэдийд ч билээ дээ би ойлгосон билээ. Цэрэндорж оо, юмны учир начрыг тогтоож сурахад чи надад тус болсон шүү. Бид хоёрын дунд тогтсон Мисир – Монголын нөхөрлөлөөр би бахархдаг юм гэснээ дуугаа нам болгож,
- Найз минь бүтэн нэг жилийн үерхэл гэдэг тун их юм шүү гэж билээ.Гэвч харамсалтай нь хонгор Суузийн хэрхэн бойжиж, яаж хүмүүжигдсэн талаар уншигчидаа би тодорхой юм хэлж чадахгүй байна.
Зөв буруу хар цагааныг хүчтэй мэдрэхүйн тусламжтайгаар айхтар ялгаж чадах хурц ухааныг үлэмж нарийнаар бодох сэтгэлийн ховор авъастай хослуулсан тэр бүсгүйн туйлын бодол санааг хөгжин бүрэлдэхэд эрх биш тус болсон гэж бодохдоо би одоо хэр хязгааргүй баярыг зүрхээрээ мэдэрч явдаг юм.
Заримдаа би ихэд болгоомжлон харийн нутаг оронд бүснүй хүнээс хол яваагийн учир Суузи надад тийм сайхан, тийм ухаантай үзэгддэг юм болов уу хэмээн өөрийгөө шалгадаг байлаа. Гэвч тийм биш байсан юм.
Тэр хэдийгээр дээд зэргийн эмэгтэй байсан боловч түүний сэтгэлийн бүтэц, зан чанарын тогтоц миний л мэдэх монгол,орос, араб олон бүсгүйчүүдийнхээс огт өөр байж билээ. Ээжийн минь өөд болдог жил 70 насны нэгэн эмээ надад <<чиний ээжий нуур нугас шиг сайхан зантай хүн байссан юм даа>> гэж хэлж билээ. Суузи гэвэл нуур нугас шиг сайхан зантай хүн байлаа. Гэхдээ аль нуур нугас шиг сайхан зантай хүнийг хэлж барах вэ? Сайхан зангаар амьдрал бүтэх биш дээ ямар! Амьдралын хир тоосонд дарагдаж, уур уцаар суугаагүй гэнэн хонгор зүрхтний ярьж хөөрөх, инээж аяглахыг сайхан зан гэж хэлэх нь олонтаа байдаг юм. Мөн одоо үед хаа газар олон болсон диполмат уухайлалтаар яриа уулзалтыг өнгрөөдөг шүдээрээ инээгч бэртэгчин амьтад өөрсдийгөө сайхан зантай гэж хэлүүлэх санаатай дош сахисан бүргэд шиг чих хаялж суух нь ч бишгүй л байдаг л даа! Үгүй ээ, нэг дэх тохиолдолд сайхан зан гэдэг бага хэрэг бөгөөд хоёр дахь тохиолдолд сайхан зан гэдэг дор хэрэг юм! Учир нь тэр шүдээрээ инээгчид амины хэрэг гарч байхыг сонсоод уухайлсаар өнгөрөөх улс! Суузи гэвэл өөр ертөнц байлаа. Түүний сайхан зан хүнийг гэх цус маханд шингэсэн баян цайлган бодлынх нь илрэл байсан бөгөөд үүгээрээ Суузи учирсан хүний зүрхэнд нь бүлээн дулаан мөр үлдээж элгэн талд нь явдаг байлаа.
Суузийн дотоод баян сэтгэлийн уужмыг би гайхдаг байв. Суузи ор уурладаггүйгээр барахгүй уйлахыг үзэн яддаг байж билээ. Тэрний буруу, тэрний зөв,тэр цагаан, тэр хар гэх зэргээр хуудуу түргэн дүгнэлт хийж, өөрийнхөө бодлыг Аллахын ном мэт бусдад тулгах дуртай хүмсийн хүмүүжил хичнээн дорой, мэдлэг хичнээн нимгэн, сэтгэлийн жолоо ямар богино байдаг юм бэ хэмээн хачирхалтай!
Амьдрал түмэн өнгөтэй, түмэн хөлтэй, түмэн хэлтэй байдаг ажээ. Түүний нэгээхэн мөчийн зуур түмэн өөр орон зайд болж өнгөрөх, түмэн тохиолдлын алинд ч олон тал, гарт тэмтрэгдэх олон үзүүр шижим бий билээ. Багаас өнчирч амьдралын сургуулиар нухлагдсан тэр бүсгүй юмыг тал бүрээс нь ухаант нүдээрээ ажиглаж шижим үзүүр болгоноос чангааж татлахыг оролддог заншилд сурчээ. Энэ бол гойд эрдэм байлаа. Ийм эрдэмтэй хүн хуудуу гүдэс дүгнэлт хийж, босоо туулай борвиндоо гэгч болохгүй, юманд хэзээд тайван уужуу хандаж, амьдралыг үзэх өөрийн үзэл бодолтой, түүнийг бүтээлцэх хошуу хуруу хоёртой явдаг ажээ хэмээн Суузийг хараад нэг биш удаа бодож билээ.
Хонгор Суузи <<хуурай хүргэн>> Магдийн сэтгэлд явдаг урамшил баярын мөнхийн эх булаг байсан юм. Суузийтай хүн Суузийгээрээ л гайхуулахгүй бол өөр юугаар гайхуулах вэ!
- Би Суузийн төлөө халуун галд ч яваад орно гэж Магди надад нэг
удаа хэлж билээ. Суузийн төлөө Магди байтугай хөндлөнгийн би ч галд яваад орход бэлэн мэт санагдах үе байсан юм. Үнэнийг сайхан үнэнийг хэлж сурах сайхан хэрэг гэл үү. Тэгээд ч уншигчийн өмнө үнэнийг айлтгахаас илүү гавьяа хаа билээ. Битүү бөгшиж байсан гэмийг буюу бусдын <<гэм>> гэж үзэж болох зүйлийг алган дээрээ дэлгэн үнэнийг хэлэх үед сэтгэл онгойж зүрхнээс өргөс авах мэт болдогийг хэн эс андах ажээ. Би Суузийг хонгор Суузийг зөвхөн хүндэтгэдэг л байсан гэвэл нүгэл болно. Гэвч ухамсарт хүнд хэмжээт эрхээс илүү алхах ёс хаана байх ажээ.хэдий тийм авч, сайн сайхны дээдийг хүсэн тэмүүлэх эрмэлзлээр хүнд заяагддаг зүрх сэтгэлдээ би хэзээ ч буруу өгөхгүй ээ.
Хаврын эхэн сарын шинийн таван юмсан. Оройн долоон цаг болж байв. Магди, Суузи хоёр 6 цагт ирнэ гэсэн боловч алга л байлаа. Надад хэдийгээр зарц, тогооч хоёрын аль аль нь ч үгүй ч би ганцаар байж сурсаар барагтай цөөн хүний хоолыг хийчихдэг болж билээ. Миний таван цагийн үед эхэлсэн хоолны ажил одоо л дуусаж байлаа. Ганц нэгэн сараар тогооч авч ажиллуулахдаа зочломтгой араб зоны дурладаг хоолноос нэгэн хоёрыг хийж сурсан маань иймэрхүү үед их хэрэг болдог байсан юм. Би араб кибеб гэх сонгинтой махыг амталж үзсэнд зэгсэн сайхан амттай болсон байв. Тэгээд юухан ч болов хийж сурах хэрэгтэй байдаг гэж миний багад Батсүх авгын аминчлан үгэлдэг байсан санаанд зурсхийн орж ирэв. Хонгор зээгээ холын аяны дөрөөнд хөл хүргэхийн өмнө сүүдэр умартаж, насан өөд болсон буянт буурлаа би нэгэнтээ дурслаа. Оочийн шовгор сахалтай, сахлаа дагаж ургасан юм уу даа гэмээр урт эрүүтэй, залуудаа ямар цогтой гялалзаж байсан бол гэмээр, давхраатай жижиг алаг нүд, өтгөн хөр хөмсөгтэй, яльгүй халзан толгойгоо хойш нь илбэж байдаг өвгөн байж билээ.
Манай эцгийн гурван дүү өвгөний дундах энэ өвгөнийг бид <<Ээж Ангаа>> гэдэг байлаа. Миний ах эгч нарын хэн нь ч тийм сонин нэр өгснийг бүү мэд юм. Харин Нилийн эргээс чийгтэй задгай салхин гэгээвчээр нь үлээх Мисир байшингийн нэгэн умгар өрөөнд Магди, Суузи хоёрыг хүлээж зогсохдоо би талын малчин авга бид хоёрын дунд болсон нэгэн наргиант намтрыг уншсан номны хуудас сөхөх лугай адил эргэн дурсаж билээ. Юу вэ? гэвэл Ээж – Ангаа маань надад гурил элдэхийг зааж өгөх болжээ.Би нь сурдаггүй гэнэ. Авга уурлаж:
- <<Өдий долоон нас хүрчихээд заагаад ч гурил элдэхийг сурахгүй
юм. Чи ер яачихсан амьтан бэ яаж амьдрана даа>> гэж уцаарласанд:
- <<Яахав дээ дэлэгчихээд л амьдрана даа>> гжэ би хэвлүүхэн өчсөн юм гэдэг.
Сэтгэлийн гижиг хүрч би гануаар хэрнээ инээмсэглэв... Энэ мөчид үүдний хонх дугарлаа. Би яарамгүй очиж хаалга тайлав. Магди, Суузи хоёр иржээ.
- Ахилана ва сахилана!* гэж урьсанд
- Зейк анта ** гэж хариу өчив. Би,
- <<Дэлэгчихээд л амьдарч байна даа>> гэж хэлээд хөгжүүнээр
инээв. Хэдийгээр би долоон настай байхдаа хэлсэн шигээ энэ гурван үгийг монголоор хэлсэн авч миний нүд, хоолойны өнгөөр ямар нэгэн инээдтэй юм болохыг таасан Суузи:
___________
* А х и л а н а в а с а х и л а н а. Тавтай сайхан морилно уу гэсэн араб үг.
** З е й к и н т а – За бие чинь сайн уу? гэсэн араб мисир үг.
- Чи болсон хойно алиалж байгаа биз дээ гэж инээв.
Ширээнд суусны дараа <<би дэлэгчихээд амьдардагийн>> учрыг
тайлбарлаж өгсөнд Магди ч үймдэгүй хөхрөв. Ингээд би << дэлэгчихээд амьдардаг>> хочтой болох нь тэр билээ.
Суузи маань надруу хараад хааяа:
- << дэлэгчихээд амьдардаг аа>> гэж тоглож хэлэхэд түүний том
алаг нүд << дэлэгчихээд амьдардаг аа>> гэж давтах шиг дүрэлгэр сайхан харагддаг байлаа.
Тэр орой Суузи бид хоёр маргаж Магди чагнаж суулаа. Гэхдээ Магди зүгээр суусангүй, миний тэдэнд авч бэлтгэсэн жижиг хавтгай шилтэй шотланд виски архийг шавхаж барах санаатай хөлсөө баагиулан байв. Тэрбээр содын уусмалд виски хольж уухдаа гүйд мэрэгжсэн хүн байлаа.
- Виски ходоод толгой хоёр руу зэрэг явдаг юм. Тийм хүчтэй архи
байдаг болов уу гэж Магди хөөрдөгсөн.
Магди тэр орой тун их идэж, бүр их ууж байв. ер нь арабчууд хүн зочлох гүн уламжлал, гойд сургуультай төдийгүй зочлуулахдаа дуулгавартай, элдэв маяг гаргаж, гар салаавчлан дээгүүр харж гэрийн эзнийг зовоохгүй таатай сайхан зочид байдаг юм. Магди, Суузи хоёрт ч раншин байсангүй. Энэ мэт зүйлд хэн л эргээ дагасан ус шиг байлаа даа.
Суузи миний аягалж өгсөн аягатай хоолыг идэж бармагц Магди түүнд араб Кебаб хэмээх хонины шарсан хавирга дөхүүллээ...
Бидний хоол амттай, яриа хөөрөө ч амттай ер нь ингэж хэлж болдог бол тэр оройг амттай сайхан өнгрөөж билээ.
Ялангуяа Суузи бид хоёрын шашин номын талаар ярьсан яриа Магдид гойд аятай санагдсан юм. Гэвч Аллах тэнгэрт учиргүй сүсэгтэй тэр хүн дотроо аанай залбирсаар л байна гэдгийг насан идэр ухаан өндөр хонгор хүүхэн, нас тогтож яваа монгол сэтгүүлч хоёрын аль аль нь огт эндүүрэхгүй мэдэж байлаа.
- Монголд одоо сүсэгтэй хүн өдөр харагдах одноос ч цөөн болжээ
гэхийг сонсоод <<хүн ер нь элдвийн юм үзнээ, би бүүр тэмээн хүү үзэв шүү <<жуун>> гэж дугарах юм>> гэгчийн үлгэрээр Магди учиргүй гайхаж билээ. Гайхмаар том биетэй хэнэггүй раншинтай тэр эрийн гэнэн нялх хүүхэд шиг мэлрэн сууж, толгой сэгсрэн гаслахы нь үзээд миний инээд хүрч байлаа. Арга ч үгүй л даа. Мисир нутагт шашин гэдэг бараг бут тоолж, бударгана хэсэж үерлэх ус гэхээр юм чинь дээ. Гэвч Нилийн ногоон хөндий, гурван цацын элст хормой, газар дундын тэнгисийг эмжиж чимсэн Александр хот өмнө зүгийн Асуан дулаан орны аль алинаар шашны үерт автагдаагүй уул толгод эрх биш бий бөгөөд тийм нэгэн толгойн энгэрт ургасан баян зул мэт үзэсгэлэн, дал модны навч, говийн загийн үндэс лугаа адил бөх нэгэн цэцэг гэвээс хонгор сайхан Суузи байлаа. Хаврын дагуулж авч ирэх усны шувуу, урин яргуй мэт амьдралын зулайд явах Суузи маань шашныг мах яснаасаа үзэн яддаг хүн байсан юм. Түүний үзэн ядалт түргэн зантай, гартаа бүлтэй хүний уурын үзүүрт шөнийн аянга мэт захилан алга болдог үзэн ядалт биш байлаа.Өөрий нь мэдлэг туршлагатай тавганд дэнслэгдэж, амьдралын гэрэл гэгээг сүүдэрлэж байгаа нь нотлогдсон бүхэн түүнд үзэн ядагдана.
Үзэн ядах, үнэлэн хайрлах хоёр хонгор Суузийн том сэтгэлийн нэгэн тал байсан бөгөөд нөгөө тал нь гэвэл үзэн ядаад эсрэг тэмцэхийн оргилуун хүслэн, үнэлэн хайрлаад төлөө хийхийн цогтой мөрөөдөл байсан юм.
Надад нэгэн залуу дипломат <<би ер үзэн ядаж багаагүй>> гэж сайрхаж билээ. <<Юунд тэр вэ>> гэж миний хачирхсанд <<бид чинь ангигүй нийгэмд амьдарч байна шүү дээ>> гэж хэлээд миний амыг таглав гэсэн бололтой марсайтал инээж, бардам дээрэнгүй харж суусан юм.
Хонгор Суузи дээрх яриаг сонсоод тэр залуу эрийг дэргэдээ зогсож байгаа юм шиг шоолж хэсэг инээснээ харцаа төвшинтгөж надруу өргөөд:
- Тийм хүмүүс тун аюултай, тэмцэхийг жигшүүлэх гэж улайрч байгаа
нь тэр шүү дээ! Ангит нийгэмд хэмээн урваж мэхлэх, айж хулчых, амиа бодох явдалгүй гэж үү!... гээд Суузийн том харсанд дүрэлгэр сайхан нүдэнд нь би гарцаагүй үнэнийг уншиж билээ. Тэгээд бид эхнэрээсээ урваж тэрсэлдэг хэсүүлчид, нөхрийн өмнө ч болов худал хэлж чаддаг тэнэг амьтад мянга дахин айж айх болгондоо <<үхэж>> явдаг тэнэг амьтан хааяагүй байдаг тухай хүүрнэлдсэн билээ.
- Миний хамгийн дургүй, яс махнаас үзэн яддаг хүмүүс бол
бялдуучлуулахыг горьдож явдаг ноёд. Би бялдууч долдойч улсад дургүй, дургүй гэхдээ дулдайчлахдаа одон зүүлгэж байгаа юм шиг мээсгэр зогсдог ноёд л та минь үнэн муухайдаа гэж Магди ярилаа.
Хонгор Суузи Каирын ядуучуудын орших Аль-Шубра хэмээх хороололд шоргоолж шиг билёих түмний тоосонд дарагдан гантай зуны алтан сарнай мэт золбин ядуу явахдаа дал, асрина тэргүүтэн модны ёроолд сууж Аль- Кураныг * цээжилсэн байжээ. Ээжээ үхүүлэхгүй гэж бурхны тэр номыг уншсаар байгаад үхүүлжээ. Дүүгий нь өөд болох үед Аль-Куран мөн л тус болсонгүй. Аавыгаа ажилд оруулах гэж хонгор Суузи тэр номыг хичнээн зуу дахин уншив даа. Эцэг нь орой болгон элгээ тэвэрсээр ажил ололгүй сайн л бол бүтэлгүй тал нь дийлсэн нэг ажлын сураг гаргасаар ирдэг байжээ.
Амьдралдаа гутсан аавынхаа уйлж байхыг Суузи харж билээ. Эцгийн нулимсыг үзэх найман наёны хонгор охинд гаслантай, эцэг хүнд шившигтэй зүйл байсан боловч хан аавын нулимс Суузийн харанхуй оюуны босгоор тусах унаган гэгээ мэт нэгэн их өглөөний уриа дуу болжээ. Ийнхүү Суузийн сэтгэлд хожим ургасан гэгээн бодлууд аавынхаа нулимсаар анхлан услагдсан учиртай ажээ.
Эцэст нь Идрис гуайн (эцэг нь) биеийг муудахад Суузи өдрийн таван удаагийн мөргөлийг тасралтгүй үйлдэжбайсан боловч бурхан Аллах зовлонт бүсгүйн гуйсныг болгоож, аавын нь амийг аварсангүй билээ.
Ааваасаа хойш Суузи Аль Фред хэмээх сэхээтэн айлд зарцаар очсон хийгээд удалгүй тэднийх Суузийг өөрийн болгон өргөж авчээ. Тэд удалгүй зан зангаа авалцсан дотно сайн нөхөд болсон байна. Аль Фред гуайн царай хар. Тэрбээр Мисирийн урд зүгийн хүн хийгээд Суузи гэвэл асрина модны цэцэг шиг хонгорхон нялх тугалын нүд мэт алаг хөөрхөн нүдтэй цацын орой руу тонгойх үүрийн саран мэт тунгалаг царайтай, нуурын зэгс мэт турьхан гоолиг охин боловч тэдний дотоод их ертөнц сэтгэлийн далайд ижил ойр юм их байж билээ.Ер нь Суузи Аль-Фред гуайн өргөмөл охин биш, тэд төрсөн эцэг охин мэт бусдад санагдах нь олонтаа байжээ.
Суузи тэр айлд арван нэгэн настай ирсэн хийгээд хоёр нэгэн жил өнгөрөхөд номын үсгийг тайлж эхлээд, дахин гурван жил болоход зэгсэн сайн хүмүүжилтэй, бурхан шашныг эс зөвших эрс бодолтой, сэргэлэн дээр сэргэлэн, ухаан дээр ухаан нэмсэн бүсгүй болон хувирч билээ.
Өргөмөл аав нь Суузийг хэрхэн хүмүүжүүлсэн хийгээд тэрбээр одоо хаана байгааг хонгор бүсгүй надад яриагүй. Нэгэн удаа миний асуусанд:
Ноён Аль – Фред одоо амьд байгаа! Тэр чинь чам шиг коммунист
амьтан шүү дээ! Гэхээс өөр юм хэлээгүй, Өргөмөл эцгий нь тухай хөндөж ярих нь надад үл мэдэгдэх нэгэн шалтгаанаар түүнд хүсэлтэй зүйл биш байлаа.
Ийнхүү тэр нэгэн хүний утгат амьдралд надад оньсого болон үлдсэн хийгээд эл оньсгыг тайлахад туслалцаж, жавцарсан учаны зангилгааг хөвөх ганц хүн одоо гэвэл хан ертөнцөд үгүй болжээ. Тэрбээр их явдлын хөлд халуун өдрийн цангааг гаргахаар үүрийн таван жингээр навчны тоосыг үргээн унасан авч боссон нарны туяанд уурших буюу намрын хонгор салхинд гуядуулж агтын цомбон туурайнд сүйрэн замхрах үрэл усан шүүдэр лугай адил үрэндэн алга болжээ. Гэвч би Аль- Фред гуай Суузи шиг сайхан хүн байсан хийгээд түүний нэр үйл хор энэ хонгор охины сэтгэл зүрхэнд гэрэлт сахиус болон үлджээ гэдгийг ойлгож, зургаар төдий гадарлах өргөн хөр хөмсөгтэй, сэргэлэн нүдтэй тэр хүнийг зүрхэндээ Суузитай нэгэн зайд хадгалж явдаг болсон юмаа!
Суузи Магди бид гурав Гаср эн Нил гудамжаар орж, Мустафа Камилын талбайг тойроод хуримын бэлтгэл жаал базаасны эцэст Магдийн гэр рүү буцлаа. Тэднийх шинэ Мисир хэмээх хотын хойт хороололд Каирт олон байдаг ганц айлын хоёр давхар эвтэйхэн сууцанд суудаг байв.
Бид байшин руу орлоо. Магди шатаар дээш өгсөх зуур том биеэ богино хөл дээрээ дааж ядах мэт амьсгаадаж:
- Бид хоёр гэрлэлтийнхээ ёслолыг Шибра хорооллын жижиг сүмд
хийнэ. Уг нь арай нэртэй, томоохон сүм олж хийх ёстой боловч, ээжий тийшээ зүтнээд байгаа юм. Ээж аав хоёрыг ёслосон лам тэнд байдаг гэсэн. Хурим харин манай байшинд байдаг гэж ярив.
- За долоо хоногийн дараа Магдийх гэдэг айл өрөх энд амьдарч эхлэнэ дээ гэж, Суузи хэлээд цагаан зандан хаалгыг сэвхийтэл татсанд тохилог зассан дунд зэргийн өрөөбид гурвыг хан хийн угтлаа. Бид ороод гурван хөлтэй богино модон ширээг тойрон зөөлөн сандалд сууцгаалаа.
- Би их юм үзэх нь ээ.та хоёрын сүмд ёслох ёслол, бас мисир ардын хуримын ёс...Энэ бүхэн надад маш сонин байх болно. Би хөөрч байна гэж сэтгүүлчийн үнэн баярыг нуулгүйгээр миний хэлсэнд:
- Би хүний авгай болно. Торонд орно! Гэж Суузи гунигтай өчлөө.
- Би чамайг торонд хийхгүй...-Магдийн хоолойд амлалт залбирал
хоёр зэрэг сонсогдов. Гэвч суузи Магдийн үгийг огт үг гэж авалгүйгээр:
- Эмэгтэй хүн торондоо өөрөө яваад ордог юм байна шүү дээ. Тэр
торыг нэхэх, түүнийг тавих ажил нэг хоёр хүний дурын хэрэг биш шүү дээ, Хонгор Магдий минь үз л дээ.Мисирт эрд гараад торонд ороогүй эмэгтэй хүн байна уу? хэрэв бий бол нийгмийн суртахууныг цоо зохин гарч ирсэн онцгой авьяастангууд л байх байх. Би Умма Аль Кальсумд атаархдаг гэж ярив. Түүний намуухан урсах хөнгөн дуу зүрх сэтгэлий нь үгийг зүрх сэтгэлий нь хөг аялгуугаар дамжуулж, харцны нь гүнд гуниг айдас хоёрын аль нэгийг илчилсэн нууцгай нэгэн оч үзэгдэн, эс үзэгдэн байлаа. Тэр оч алгуур тодорч ирсэнд Суузи хөнгөн санаа алдав.
- Хадамд очих албагүй гэж та хоёр лав надаас асуух гэж байгаа
байх. Тиймээ алба гэж би хариулах байна. Хүнд очмхгүй байтугай хүүхэд гэргэхгүй байхыг хүмүүс юу гэдэг билээ. Насаар миний үе тэнгийн болчихоод хэн л хадамд очихгүй явна даа. Бид Англи Америкчуудыг хараадаг. Тэд бусад ард түмнийг дарладаг учраас бид хараадаг. Бид тэдний ертөнцийг үзэх үзэл санааны эсрэг үзэг, улс төрийнх нь бодлын эсрэг мэс барин тулалдаж ирсэн. Одоо ч үүнээс ухарсан өөрчлөгдсөн юм алга. Үүний зэрэгцээгээр бид, тэдний бүсгүйчүүд биднээс шашингүйн хувьд илүү эрх чөлөөтэй явна гэдгийг хүлээх хэрэгтэй...
- Тийм л дээ, хонгор Суузи чи зарим талаар зөв ярьж байна. Чиний
яриа явсаар байгаад нийгмийн нэгэн том асуудлыг хөндлөө. Нийгмийн соёлын өргөн нарийн хэмжээнд харьцаж айл орон, хүний хувь заяанд өөрчлөлт хувьсалт ордог л доо.
Хонгор Суузи урт сормосоо өргөн буулгаж, гуниг горьдлогот автсан
нүдээр намайг харж байлаа. Магди ч бидний ярианд оролцожбид эл сэдвээр цааш хилээд хөөрөлдлөө. Хонгор Суузи энэ удаад их гунигтай байж билээ. Хүнд очих нь түүнийг бүсгүй хүнийх нь хувьд баярлуулж мэдэх байсан боловч, ухамсарт хүний нь хувьд сэтгэлий нь хүнд чулуугаар дарж, байгааг Магди бид хоёр харж суулаа.
Хаалга аяархан онгойж, гурван аяга кофе барьсан залуу зарц охин орж ирэв. Тэрбээр Суузийн сэтгэлд буцлан билчих бодлыг үргээчихвий гэсэн шиг аяга саваа огт хангинуулалгүй эвтэй тавиад сэмбэгэр намуухан алхалсаар гарч одлоо.
Кофийн дараа бидний яриа шувтарч, Суузийг сурвалжлагч болгохын тулд Омар Кашаш хэмээх нэгэн сайн таних ноёнтойгоо би ярьж өгөх болов. Магди:
- Яав ч би чамайг торонд барихгүй, чи эрх чөлөөтэй байх одонд
төрсөн хүн гэж билээ.
Нэгэн мянга есөн зуун жаран найман хаврын сүүл сарын есөн, хорвоогийн хамгийн энгийн нэгэн өдөр байлаа. Энэ бол Каирт л ийм энгийн өдөр байв. Гэвч баян өргөн ертөнцийн хаа хаанатай дандаа ийм энгийн өдөр байсан гэвэл үгүй биз ээ.
Тэр газар өглөө нь ямар бороогоор эхлэнэ гэж байх биш дээ, мөн л төөнөсөн халуун нар гарчээ. Нилийн эргийн сүрлэг байшингууд, сүмийн орой, цамхгийн нуруун дээрх тагтны тулгуур гоёмсог цемент баганууд, байшин барилгатайөндрөө цэц булаалцалдах цэгц чулуун дал модод цөм хятад дүнсэн тамхины сарнисан утаатай ижил онц нимгэн торгон маарал мананд бүрхэгдсэнийг үзвээс сэмбэгэр хадган өмсгөл өмссөн мэт ажээ. Нилээс зайдуу хотын төв юм уу хотын зүүн захыг ажвал тэнд буянт Нил мөрний усны ууршил эс хөрөх тул дээрх зураглал огт үгүй хийгээд нэн хүчтэй төөнөх наранд хашаа байшин шатаж эхлэж бана уу даа гэлтэй уугиж баагиж үзэгдэнэ. Тэгж уугиж баагих байшингуудын ёроолоор сүслэгийн хар нөмрөгтэй бүсгүйчүүд,цагаан цуу ямбуу дэлтэй эрчүүд холхилдон алхана. Тэдний хэн нь ч нар дэлхий хоёроос тасарсан нэгэн том ертөнц болохын учир хүний дотор юу бодгдож байгааг тааж болохгүй авч, баруун урд талдаа таван мянган жилийн намтай гурван сайхан суварга (бунхан) залсан, тэр гурван сувраганаасаа дөрвөн мянга гаруй жилийн дүү буурал Каир хотын хүн ардын хувьд өнөөдөр хорвоогийн нэгэн жирийн өдөр байсаар байлаа. Жирийн өдөр хүмүүс ингэж ярьмааргүй алхаж, жирийн өдөр ингэж жирийн хөөр яриа болж, жирийн өдөр ингэж бүхний амьдрал үерлээгүй Нил шиг уярангуй намуун урсдаг билээ. Суузийн нүд орой дээрээ гарчихжээ. Тэрбээр утасны чагнуур чихэндээ барьж зогсоно. Хонгор Суузи амаа <<О>> үсэгний хэлбэртэй том ангайж цаанаасаа ярих хүний хэлэхийг чагнаж байснаа:
- За би одоо гарлаа гэж нүдээ гялалүуулан товч хэлээд, чагнуурыг
аппрат дээрээ <<тарр>> хийтэл хүчтэй хаяв. Тэгээд мөчийн төдий бодолд дарагдан саатаж, утасруу нөлрөн зогссноо хуй салхи шиг хар гүйхээрээ гарч одлоо.
<<Тасс>> хийтэл савагдсан хаалга эргэж нээгдээд ганц бие бүсгүйн тохилог сайхан өрөө эзнээ хаачих нь вэ гэсэн шиг нээлттэй хаалгын завсраар харсаар хоцрох лугаа адил эзэнгүйрэн үлджээ. Суузи амьдралдаа тэгж бухимдаж, тэгж чанга хашгирч ер үзсэн болов уу?!
- Такси! такси!Замын эргэх уулзвар дээр хүрч явсан такси,
дуулгавартай гэгч нь хажу тийш болж зогсов. Суузи маань яаран гүйсээр Баруун Германы <<Мерседес>> хэмээх суналзсан урт тэрэгний хойд хаалгаар ормогцоо:
- Шибира хорооллын христос сүм, хэмээн хашгирчээ.
<<Христос сүм>> гэсэн хоёр үгийг хэлэхэд түүний хоолойд хорсол заналыг илэрхийлэх дээд зэргийн огцом хэрцгий хөг өнгө согсогдож байв. хүний өөрийн дуу хоолойг зүрх цусаар хөглөдөг тул Суузи өөрөө ч яаж дугарснаа ажигласангүй ээ.
Гагцхүү ертөнцийн хамшийн дуулгавартай иргэдийн тэргүүлэгч болох таксины жолооч л гайхсны тэмдэг болгож мөрөө хавчис хийжээ. Гэвч тэрбээр Суузийг нэг их ойшоосонгүй ээ. Таксины жолоочтой ер юу л эс дайралддаг билээ дээ.
Тэд түмэн зорчигч зөөж явахдаа ертөнцийн түмэн рашааныг зөөж явдаг улс юм. Гахай хариулсан хүн шиг уураа бардаг тэдний сайхан хөдөлмөрт би бахархдаг, таксины жолооч нарыг гүнээ хүндэтгэдэг билээ. Улаач гэдэг хүн төрөлхтний тусад хийгдэх түмэн галт зүтгүүрийн гол гол нэгэн ажээ. Суузи Мерседес машины зузаан хүнд хаалгыг бүх машин доргиж жолоочийн дэлдэн чихний үзүүрийг чичиртэл хүчтэй хаах үед машин алгуур хөдөлж, хурд аван жирэлзлээ. Машины цонхоор толгойгоо цухуйлгах Суузийн өөдөөс салхи үлээж, лакалж янзалсан ганган хар үсий нь өрвийлгөн босголоо. Машин улам бүр хүч нэмэх боловч Суузи үргэлж жолоочоос хурдлахыг шаардаж явав. Суналзсан урт <<Мерседес>> машин сигналаа хангинуулан жирэлзэнэ. Өргөн гудамжаар билчих түмэн тэрэгний зай чөлөөг олж жолоогоо баруун зүүн тийш сурмаг дарж яваа жолоочийг хараад Суузий үүнээс өөр мөчид бол бахархах байсан биз!
Хүн цагийг эзлэн төрдөг бол бодол сэтгэл үйл явдал хүнийг эзлэн төрдөг билээ. Хүн бодол сэтгэлээ хоёргүй нэгэн зүйлд зориулах тийм цаг байдаг. Нилийн ус Нилийн эргээр хөвөх хүн, машин хоёр адил урсан урсах энэ цаг мөчид гэвэл Шибра хорооллын Христос сүмд болж байгаа явдал хонгор Суузийн бүх зүрх сэтгэлийг эзэмдэн догдлуулж байлаа. Үзвээс Каирын амьдралын жирийн төвшин алдагджэээ. Гэвч нар намуухан шарж Нил их мөрөн төмөр гинжин уяандаа ижил дасал болж, номхорсон асар басар нохой шиг буурал боржин хашаандаа хойшоо урагшаа алин зүг урсаж байгаа нь үл мэдэгдэм аяархнаар мөлхөн мөлхөх бөлгөө.
Харж байна уу. нар Нил хоёрт ер юу ч тохиолдоогүй боловч өнөөдөр энгийн өдөр биш болсон бололтой. Хүний амьдрал хүндээ хамаатай болхоос биш их наран их мөрөн хоёрт ердөө чиг пад алга шив дээ. Хүмүүс тариагаа тарьж, тамхиа баагиулж, өвгөө үдэж, үрээ угтсаар будант тэнгэрийн нарны хишгийг эдлэн, буурал Нилийн усны дээжийг амсан дахиад түмэн жил ч, сая жил ч амьдран амьдардаг, энэ амьдралыг өгч байгаа хэрнээ, нар нил хоёртоохгүй байх нь шүү! Юу ч гэхэв дээ. Нар Нил хоёр сэтгэлгүй боловч араб зоны тухайдхот дүүрэн хонь нь, хорго дүүрэн үхэр нь, хүйтэнд хөрж халуунд халж явдаг малчин хүний эрдэнийн есөн хүслийг бүрдүүлэгч, арван цагаан буян нь юм байна аа! Учир нь тэндэхийэ хүмүүс нарны элч, Нилийн ус шороо гурвыг шүтэж тариа ногоогоор амьдардаг билээ. Ганцхан хүмүүс бид л нарны элч гэгээн дор, өргөн Нилийн ус амьсгал хоёрын хажууд, өвч сэтгэлээ эрүүл ухаан бодлоор бүрэн дүүрэн нээж, амьдран амьдарч, жарган жаргах хэрэг үлджээ.
Худал хэмээх ертөнцийн хар шуламтай дээр дороо орон тэмцэлдэж явдаг бөөрөнхий толгойтой хүн бидний махран байж ялуулах ёстой түмэн үнэн энэ аж. Хонгор Суузи маань дэлдэн жолоочийг энэ үнэний төлөө яаруулан явсаар шибра хорооллын жижиг сүмийн ойролцоо ирэн зогслоо...
Тэр жижиг сүм, морин шоргоолжийн үүр мэт болжээ. Тэнд хүн гэдэг учир зудгаа алдсан байна. Багшран чихцэлдэх олны дунд сөөм хэртэй эрүүл газар, олж үзэхийн аргагүй бөгөөд олон хүмсийн урагш довтолсон хөдөлгөөн дэлхийн таталцалгааны нэгэн үл мэдэх хүчинд газар шороо орвонгоороо хөдөлж байх шиг санагдах бөлгөө. Хүнэн их сүрэг байн байн хуйлран өрөмтөж байлаа.
Суузи:
- Та намайг хүлээж бай! гэж машинаас гарч мөчийн зуур багшралдах
олны дунд орж алга болов.
Нэхэн өгүүлэхэд:
Тэр өдрийн өглөөний арван цагийн орчим Шибра хорооллын христосын жижиг сүмд мөргөхөөр очсон нэгэн жаалхүү шилэн тагтын өнцөг дээр сууж байсан тагтааг сормостойгоо давхар харсан нь төрж өссөн өрөөний нь хананд өлгөөтэй байдаг. Мари дагина болж үзэгджээ. Ухаан нь амьд Мари дагинйг үзлээ гэж санаж шүү – Амьд, амьд дагинатай учирч, Амьд бурхны моилхыг харж шүү, тэр хүү! Айх, гайхах, баярлах гурвын эрхшээлд хүүгийн хөлөнд хий сууж буцаж гүйхдээ нүд зүрх хоёроо бүлтрүүлэх шахан байж:
- Шибра сүмийн шилэн тагтан дээр амьд Мари дагиныг би үзэв
хэмээн дайралдсан болгонд хашгирч явлаа...
Хүнээс хүн хүүхдээс хүүхэд дамжин энэ мэдээ тархаж ертөнцийн нэгэн том хот Каир даяар харилцуур утас хангинан, энэ баярыг яаран заралсаар ердөөхөн бүтэн хагас цаг буюу ерхөн мөч өнгрөхөд Шибра хорооллын жижиг бөмбгөр сүмийн дэргэд даруй нэгэн түм хагас хүн цугларсан байлаа. Хорм болгонд нэг юм уу хэд хэдэн хүн нэмэн ирсээр байсны учир хүний тоо удалгүй хорин түмийн хилийг гаталжээ.
Намрын үдшийн тэнгэр дор хүүхдийн харц шиг инамуухан байсаан хотын амьдрал ингэж санаж сэтгэшгүйгээр эргэх өнөөдөр гэдэг жирийн өдөр биш байлаа.
Шибра хорооллын баруун дээд талаар их Нил мөрөн уул дэрлэн, талд хөлөө жийж, амгалан нойрсох үлгэрийн том баатар шиг нэн тайван урсах агаад үелзэх арвин уснаас нь ээзгий ширгээх мэт жигдхэн түрхрэх авиа гарах ажээ! Нарны туяа Нил мөрний өвчүүнд тусах Каирын өглөө эхлэх боловч нар ус хоёрт хүний өдөр огтхон ч хамаагүй юм байна. Ертөэуийн нэгэн өдрийг хүн байгаль хоёр минийх чинийх гэж хуваах хэрэгтэй ажээ.
Амьд Маир дагиныг үзэх их <<ёслолд>>Каирын өнцөг булан бүрээс мөргөлчид цугларчээ. Тэнд христос, лал, еврейн шашинтан бүгд байна. Тэнд шашин шүтлэггүй хүн ч байна. Хүний анхаарал эс татах энэ жижиг сүм рүү өнөөдөр их Каир машин тэрэгтэйгээ, илжиг морьтойгоо, нохой явган, гахай нүцгэн цөмөөр хөдөлжээ. Зочдыг хүлээн авах газар нь ядуучуудын задгай хороолол тул түмний хөлөөр аргалын үнс мэт хөнгөн тоос хөөрч, Шибра дээгүүр хамсийна хэмээх хаврын салхин шуурсан адил манс шороо босож, ядуусын оромжийн өвс шарилжин дээвэр дээр тосон торгон үзүүр нь буун суунаглах бөгөөд тэрхүү үүлний нөгөө дэд үзүүр гэвэл хойт Африкийн салхи, боороогүй цэлмэг тэнгэр нарийн шорон биеэ гайхуулах гэсэн мэт тогтуун өдрийн тортогт шингэн утаа лугаа хөврөн хөвөрсөөр зам замхран таг чиг болох бөлгөө. Гэвч энэ бүхнийг нар Нил хоёроос өөр хэн л ажиж байгаа даа! Хүний хөлөөр боссон шороог ажих завтай хүний нүд алга байв шүү!
Хоёр түмэн зүрх гайхамшигт учралыг зөгнөн тэмүүлж, цээжнээсээ гарчих нь уу гэлтэй хүчтэй булиглана. Хоёр түмэн хос нүдний хараа сүмийн олон цонхыг ээлжлэн тагнана. Мари алга л байв. гэвч Мариг олж үзэх итгэл үл тасарна, эрмэлзлэл үл буцална. Хүн болгон бусдаас урьд харах гэнэ. Хүн болгон бусдаас сайн бусдаас ойроос үзэх гэнэ. Тэгээд хүн нь хүн дээгүүрээ сүмрүү явж байлаа. Балчир хэнз хүүхэд, өтгөс, ядар настнууд, хөл хүнд зүдэр бүсгүйчүүд тэр олон хүний нэг тийш долиглон урсах их далайд хөл алдаж, зарим нь гэрэлт Мари дагиныг хашгирсаар хүнэн далай ёроолд живж, амь тавьж байв.
Усны их үер шиг аюултай юм үгүй гэдэг. Энэ үнэн бололтой. Тэр хүнэн далай долиглон шуугсаар бяцхан сүмийн хаалга цонхыг хаман дайрч, өрөө бүрийг үер авлаа. Цөөн мөргөлчид толгойноос нь гэрэл цацруулан урласан христосын босоо хөргийн өмнө сөхөрч:
- Гэрэлт дагинйг харуулаач, буянтан минь гэж уйлан хайлж байв.
<<Ийм юм гэж ер байж болноо!>> Суузи ингэж бодлоо. Хонгор Суузийн сэтгэлд энэ мэтийг бодох зай дахин гарсангүй... Тэр бүсгүйн өндөр биш боловч, дунд зэргийн нуруунд нь заяасан махлаг шөрмөслөг цогцос энэ удаа их хэрэг болжээ. Суузи түрлэн зүтгэсээр сүмийн довжооны ойролцоо хүрч ирэв.
- Ах нар минь, дүү нар минь, эгч нар минь буян санаж гэдрэг буцаач!
Бидний хөл дор хүн үхэж байна. Мари дагина харагдсан нь худал. Ерөөс Мари дагина үгүй шүү дээ. Түүний үзэгдсэн гэдэг нь харамсалтай нэгэн эндүүрэл: Буянт түмэн минь, та нарын хөли дор хүн үхэж байна нэж дахин давтан хашгирсаар Суузи урагш дөхөж байв. түүнийг харж сонсож байгаа хүн ер алгаа! Усан үер хүний үгийг ойлгодоггүй шиг, хүнэн үер хүний үгийг ойлгодоггүй ажээ.
- Буянт түмэн минь... Гэтэл нэг хүн толгойтой үснээс нь угзран татав.
Эргэж харваас баруун хацар дээрээ том улаан мэнгэтэй долир хар хүн:
- Чи бузар хар эм, юу орилоод багаа юм бэ зам тавьж зайл гэж
хашгирч байв. тэр хүний нүд хорсол хилэнгийн дөлөөр цоргиж төөнөх нь аймшигтай байв. суузийн толгойн хуйх, хуйх бус зүрх нь базлан өвдлөө. Сэтгэл нь харлав.
- Хадратак, намайг уучилна уу? Би бузар хар эм биш билээ. Харин
би буян санаж хар үйлийн эрхээр цугларман энэ түмэн амьтадыг тараахыг бодож ирэв. Та туслалцаач.
- Би ном төрийг сахиж бурханд итгэж явдаг сүсэнтэн билээ. Эрх
Мари дагины амилсан дүрийн өлмий дороос энэ олон амьтныг хулган зайлхад бие зүтнэж, нүгэл тарихыг чи надаас шаардана уу гэжСуузи тунгалаг мэлмий гэгээн царайг үзэж зөөлөрсөн хялар бухимдан очив. Үзвээс хялар, Суузийн үгэнд орох янзгүй ажээ. Энэ мөчид хүнэн үерийн нэгэн хүчтэй түрэлт ирж олон хүний хүётэй шхалт хялар тэр хоёрыг баруун тийш ханаруулан авч одлоо. Энэ бол гадаад их далайн таталт түрнлт мэт хүётэй давалгаа байв.Усан түмэн дусал мэт ертөнцийн нэгэн бяцхан зайд бөөгнөрсөн түмэн хүн хүнэн далайд буй болгожээ. Сүмийн довжоо дахиад л холдчихов. Суузийн хажуу дор сөөнгө дуутай нэгэн хүн амь аврахыг гуйн гуйж залбиран хашгирлаа. Хүүхний бие зархийж, бүхий л судсаар нь мөсөн үрэл гүйх мэт боллоо. Яах ийхийг ч сэтгэж амжаа үгүй байтал дахин хүчтэй түртэлт болов. Суузи өвдөг нугалж суучихгүйг л хичээж хөл дээрээ арай ядан тогтож явлаа. Бүдэрснээ нэг зөөлөн юман дээр гишгээд цааш өнгөрөв. Тэрбээр яахын аргагүй хүний дээгүүр явж байгаагаа мэдэв. <<энэ лав саяын хашгирдаг хөөрхий амьтан бололтой>> гэж Суузий хирдхийн бодлоо. Түүний зүрх нь чичирч, чичирсэн зүрх нь бүх биеий нь доргиох бөлгөө! Ямарч албадлагагүйгээр түүний хөөрсөн цус тэлсэн уушгинаас:
---Дилвати Кива Яа-Эйюуха ан цаас. Яа аллах!* Ухаръя буянт түмэн минь ухаръя гэж чарлан хашгирах дуун гарлаа. Гомдож цөхөрсөн, залбирч гуйсан, аргадаж ятгасан бүх хөг өнгө холилдон сонсогдох агаад хоолойд нь чагтласан зүрхний нулимс тэр буянт бүсгүйн дуунд гаслангийн ая хөг нэмсэн байлаа. Суузий хэдийгээр хоёр түмэн хүний харанхуй ухаанд бурханд үг өргөх мөргөлч лугай адил залбиран гуйсан авч үгийг нь сонсох ганц өрөөсөн чих, Суузийг ойшоож харах ганц өрөөсөн нүд олдсонгүй ээ. Түүнийг үг энэ олон хүний хөл доороос босож буй үнсэн нунтаг тоос мэт хэрэггүй зүйл байваа! Тэрбээр мохсонгүй дахин хашгачив. Хүнд гар толгой дээр нь бууж, үснээс нь татлаа.
_________
*одоо больё хүмүүс ээ ээ бурхан минь гэсэн миссир үг
- Яадаг муу эмэгчин бэ чи гэж зүхэх нь нөгөө долирын дуу мөн аж.
- Яа Эфэнд гээд Суузи эргэж бидний хөлд хүн үхэж... гэтэл Хялар хүчтэй хүнтэй гараагаа Суузи баруун хацар луу нударлаа!<<Энэ шулам мэт цэвэрхэн эм тавтайяа шулам биз! Тэгээд эрх Марийг үзэгдүүлэхгүй аргыг хийх шиг байна>> хэмээн Хялар хорсон бодоод тийнхүү нударгалжээ. Суузийн нүдийг хорсол гомдлын нулимс бүрхэн авлаа. Гомдох өрөвдөх, хайрлах зэрэгцсэн эцэс хязгааргүй эмзэг зүрхний хөөрсөн цус сэтгэлий нь шимшрэн шаналгаж, тэрбээр ямар хүчгүй өчүүхэн муу амьтан өөрийгөө, өмнөх түмэн мөргөлчдөө, эцэст нь тэр булай хэрцгий Хяларыг өрөвдөж, бурханыг зүхэн харааж байлаа.
Суузийн нүдийг бүрхсэн нулимс доошоо тунаран унаж, хацар дээгүүр нь бөмбөрнө. Ашгүй, нүд нь онгойсноос бүрэлзэхийг байж юм харахтай болжээ. Тэрбээр том сайхан нүдээрээ Хяларыг бараг энхрийлэх мэт тогтоон харж:
- Хадратак та, намайг эргэж гаргахад туслалцана уу, би живж магадгүй байна! гэж аяархан гуйв. Түүний уран сайхан хөмсөг хагас өргөгдөж, хацрын нь хонхорхойд нулимс тунаран цийлийж, уруулд нь гомдлын буюу уучлал эрснийг илтгэх хүчгүй сулхан инэмсэглэл гэрэлтэн тодорч байлаа. Хялард нударгалуулсан эрүүний нь баруун дээд талд мэнгэрэн улайж, төрөлхийн долгоинтой өтгөн хар үс нь ялгүй сэгсийсэн ажээ. Тэр хүүхний царай ер бусын тунгалаг, тэр алаг нүдний харц жирийн хүний харц адил боловч гайхалтай тогтуун хийгээд далд сэтгэлийн нэг хүчийг илтгэж буй болохыг хүний мах цусанд байдаг төрөлх авьяасаар
___________
*Яа Эфэнди—ноён минь гэсэн араб үг.
Хялар эр ойлгож билээ. Тийм үзэсгэлэнтэй нүүр, гэмгүй харц, хонгор цогцсыг өмнөө үзэхүйд зүрхээр нь дамжин хяларын сэтгэлд нэгэн бодол сэрхийсэн нь : <<Үгүй ээ, энэ чинь нөгөөх Мари дагина нь биш байгаа. Хүн бол ийм уур уцааргүй байна гэж үү...>>
Хялар, Суузийг чирч гулдран явж, амьтны хараалыг идсээр олны дундаас гарлаа. Ухарч гарах сүмийн хөх чулууны довжоо хүрэхийг бодвол тийм ч хүнд зүйл биш байж билээ. Суузи Хяларыг орхиж хойшоо гүйлээ. Тэрбээр өөр юм боджээ. Сүм дээр гарч сүмийн орой дээрээс хашгирахаар шийдсэн нь тэр байв. Хялар гэвэл суузийг алдахгүйг хичээн дагана. Суузи гүйн гүйсээр сүмийн баруун хананд зэвэрсэн төмөр шат унжиж байхыг үзэв. Яаран авирлаа. Тэгэхэд хонгор Суузи муур шиг л хурдан авирч байж билээ. Хялар, Суузийг алдахгүйг хичээж мөн шатаар авирч эхэллээ. Гэтэл тэдний яаж ийх ямар зорилготойг ч мэдээгүй гурван залуу эр Хяларыг мөрдөж эхлэв. Тааваар энэ хүмүүс сүмийн оройд Мари дагиныг эрэх мэргэн бодол олов хэмээн дууриасан хэрэг буйзаа! Хялар гэвээс Суузийг Мари дагина мөн гэж бат итгэсэн хийгээд бүхнээс өмнө Марийг олж таньсан өөрийгөө азтайд тооцох боловч, дагиныг зодсондоо гонсойн бухимдаж явах ажээ. Гэвч дагины халуун зүс гэгээн барааг алдахгүйг, хэнд ч дагина энд байна гэж хэлэхгүй гэж аминч харамч сэтгэлдээ мөч тоолон шивнэсээр явна.
Сүүлчийн хүн шатны дунд хүрч явахад Суузийн дээр гурав дөрөвхөн гишгүүр үлдээд байлаа. Гэнэт Суузийн толгой дээрээс нурсан ханын шохой, шавар унаж ирэв. Шат нь маш хүчтэй доргив. Төмөр шатны сүмийн хананд шигтгэсэн дээр хоёр үзүүр орвонгоороо булгарч байгаа нь тэр ажээ. Хонгор Суузи мөчийн зуур доошоо харж:
--- та нар үсрээд бууцгаа! Үсрээд гэж хашгирав. Хүн болгоны дотор үхэх тухай бодол орж амжжээ.
--- Эрхэм ахайтан минь, эрхэм дагина минь. Та өөрөө биелсэн Мари дагинасан биш үү! Хэмээн Хяларын уйлагнан үглэхийг нэгээхэн ч хүн сонссонгүй. Энэ мөчид хамгийн сүүлд авирч явсан залуу зогсож байсан гишгүүртээ хүчтэй жийж үсэрсэнд шатны дээд тал байшингийн хананаас булгаран мултарч доод үзүүрээрээ газар хүчтэй ёврон ойгоод морин хөрөөний хурц ирэнд хэлмэгдсэн уулын өндөр улиас мэт доош алгуурхан унаж эхэллээ.
Хялар:
--- Мари гэж шивнэх төдий хэлээд <<Дагина>> гэж хэлж амжилгүй ухаан алдав. Амьд хорвоогийн нэгэн хонгор бие дахин нүд өргөж, хөл солибихгүйгээр өнгөрөх нь орлролророл
тэрээ.
Суузи газардан газардатлаа ухаан алдсангүй ч амиа аврах ямар ч арга олсонгүй. Хяларыг:
--- Мари гэж дуудаад ухаан алдах тэр мөчид Суузи:
--- Мари энд байхгүй. Энэ бол гунигт эндүүрэл шүү хэмээн хашгирчээ. Энэ бол тэр хүний сүүлчийн үг байсан юм.
Гэвч тоос шороо мэт тэр хэрэггүйн цаад захын үгийг хэн л сонсож болгоогоо доо!.
Сүлжилдэх түмэн амьтны хөлөөр хөөрсөн үнс мэт нарийн тоосны явган үзүүр нэгэнт амьсгал хураасан хонгор Суузийн тунгалаг нүүрэн дээр суунаглан бууж байна. Суузийн гар хөдөлж, нүүрээ арчих чадалгүй болсныг тэр тоос мэджээ.
Шибра хорооллын хөнгөн шороог нарийн тоосон үүл болгон босголцсоор урт хар <<мерседес>>такси сигнаалдан явна. Дотор нь хөөрхий Магди суужээ. Сигналын дуу ер тасрахгүй байв. Хургаа үхүүлсэн хонь л ингэж, их хотон дотор эцэж цуцахаа мэдэхгүй маалин явдагсан билүү!?...
Хонгор Суузийн хурим хийнэ гэж товолсон өдөр түүнийг оршуулах ёслол болж билээ. Суузийд гэр нь болох ёстой байсан Магдийн бяцхан өрөөнд түүний алтан шарилыг тавьжээ. Хонгор Суузи авсан дотроо улам үзэсгэлэнтэй улам тайван амирлангуй хийгээд сэтгэлийг хөдөлгөх гойд увьдаст хүчин чадалтай харагдаж байв. Гагцхүү түүний нүдээ аньсан тунгалаг царайд баяр хөгжлийн гэгээн туяа л үзэгдсэнгүй ээ.
Халуун үнсэлтийг догдлон хүлээж
Нүдээ энэ бүсгүй аниа юм уу?!...
Хатан дэлхийд үүр гэгээрэхээр
Нүдээ нээхээр унтаа юм уу?...*
Үхэл миний нүд сэтгэлийг дэлсэж, өвдөхийг нь зүрх өвдөж байлаа. Гэвч би уйлсангүй, хонгор Суузи уйлахыг үзэн яддаг байсан юм. Дараах мөчид зүрхэн дэх гашуудлын тэр шимшрэлийг онц хүчтэй хорсол, үзэн ядахын их түймэр элдэн хөөх оры нь эзэллээ. Би шашныг үзэн ядаж байна. Хонгор Суузи шашныг ингэж л үзэн ядаж байсан болов уу?!
Хонгор Суузийгээ бид мөрөн дээрээ авсанд авч явна. Каир хотын зулай дээрээс нар намуухан шарж, их Нил мөрөн ухаант Суузийн бодлогошрох үеийн тунгалаг харц
__________
*М. Ю. Лермонтовын <<Шулам>>гэдэг найраглалын Тамарагийн тухай шүлэг.
Тогтоон мэт дөлгөөн, нэн амирлангуй урсах бөлгөө. Өнөөдөр хамгийн жирийн өдрийн нэг байлаа. <<гэвч хүмүүс бидний хувьд өнөөдөр жирийн өдөр биш ээ>> хэмээн нар Нил хоёртой хэлэлцэх мэт миний сэтгэл гашуунаар шивнэнэ.
Би гэдэг хүн ам нээж ганц ч үг хэлээгүй боловч сэтгэлийн минь тэр шивнэлтийг буянт Нилийн хөндийгөөг зогсохгүй буурал Алтай минь ч сонссон гэдэгт эс эргэлзэн хүн төрөлхтний таван мянган жилийн тэртээх элэнцгийн босгож сүндэрлүүлсэн гурван шовгор цацын оройг ширтэн явав. Миний зүрхэнд нар, Нил хоёрт зай алга байв. Хүний зүрхэнд хүнээс өөр юм багтахгүй мөч байдаг юм шүү. Хүмүүс ээ, Та бидэнд тийм нэгэн хонгор Суузи байсан юм даа!
Улаанбаатар. 1969.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)