“МИНИЙ НУТГИЙН ТЭНХЭЭ” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос
Х.Баянмөнх, Б. Норовсамбуу нарт зориулав.
Шөнийн Каирийн гудамжаар гэр рүүгээ алхаж байлаа. Гэнэт аман дээр:
- Үгүй ээ, энэ чинь нутгийн минь тэнхээ байна шүү дээ. Гэсэн үг гарч
ирэв.Тэр үгийг сэтгэлдээ олзуурхан барьж тогтоолоо...
Ард ардын заншил гэдэг өөр өөр. Зуун ард зуун янз заншилтай, мянган ард мянган заншилтай бөлгөө. Мисирийн арабууд баярлахдаа гасалдаг юм байна. Хамгийн золгүй юман дээрээ гасалдаг, тэгээд ч гасалхыг муу ёр гэж үздэг монгол хүний хүүхэд би баяр хөөрийн сэтгэл, чин зүрхний илч болсон авиа болгон чихэнд чийр биш, чимэг болдгийг энэ үдэш мисирийн дунд суухдаа анзаарч тогтоодог байна. Хөг хэм нийлүүлэн гаслах сүржин агаад нэгэн янз сонин чимээ одоо ч миний чихнээ хадан дуурссаар байна.
Кайрийн бөмбөлөг, театрт цугларсан тэр олон араб миний нутгийн тэнхээг шагшин шагшин гайхаж байсан нь тэр ээ. Тайзны гүнд алтдмал ширээнээ цахилгаан мөнгөн гэрэлд монгол бүсгүй мөнхийн усыг балгасан байгаль тэнүүн эхийнхээ уянгыг ингэж дуулдагсан билүү... Малчны цагаан сараар хонгор ээжий өвгөн аавын өмнө өвдөг сөхрөн байж, хадаг өргөхөд, өвөөгийн алтан гар дээр хадган тууз нь ингэж хөврөгдсөн байлуу?
Энэ хүүхэн бүх л Монгол орноо тэнхээ чадал, уран гоотой нь тээж авчраад, нутгаа санасан хүү миний сэтгэл зүрхэнд тушааж байхыг би ойлгож баярлаж нүдэндээ нулимстай суусан хэрэг.
Хатуу хорвоог зөөлөн гэж тэр бүсгүйг номлон номлон нугаларахад манай нутгийн тэнхээ тэр хоёрт бишрэн хөөрсөн араб түмэн шагшин гасалсаар байлаа. Шагшин гасалдаг тэр далай мэт их симфони чуулга” нутаг болгоны шороон дээр ийм бие цогцос заяадаггүй шүү” хэмээн зүрх сэтгэлд минь мөч тоолон хаадах бөлгөө.
Нэг шороонд зэрэгцэн ургасан намайг баярлуулж, араб уудыг гайхах бишрэхийн туйлд хүргэсэн тэр үлэмжийн уран тэгээд хосгүй тэнхээт бие цогцсын тухай бодол монголын их хүчтэнүүдийн тухай бодолд аандаа хувилав. Тэнд нэгэн нууц хэлхээ шижим байсан буйзаа!
Даригангын Базарын Хавчиг гэдэг үүргэвч үүрээд бадарчлан явахдаа дайрч ирсэн орсон буурыг цомцоглон авч даран хүрч ирж урд хоёр хөлийг нь шилэн дээгүүр нь тохож тавиад явчихаж байсан юм гэнэ билээ. Цэцэн хааны Далай ванг Чүлтэм аврагын тухай нэг хонины махыг нэг суудал идээд, долоо хоногийн аяны сунагар урт замыг өл хоолгүй гэтэлгэж байсан гэх сонин домог бий сээн! Дэлт чоно тасдаж хаясан зүүн гар адуучины Лувсанжамба, Хан хэнтийн Босоо Самдан гуай, Халх Чин ван хошууны намхай нарын тухай гойд сонин дурдатгалууд миний сэтгэлээр бэлчин өнгөрч байв.
Шөнийн Каирыг нэлсхийлгэн нар гарах мэт болж би нэгэн зүйлийн учрыг Ахайвтар хэцүү ойлголоо. Хэрвээ тэр их хүчтэнүүийг тэнхээт нутгийн минь шороо төрүүлж чадаагүйсэн бол өнөөдөр Буянт Нилийн эрэг дээр хүний зүрхэнд хүрсэн энэ бүсгүй ээжийн алтан хэвлийгээс монгол газар мэндлэхгүй байжээ! Баяндэлгэр нутаг минь << Говийн сайхан Лувсан, Хангайн сайхан Янжин>> хоёрыг хоёулангий нь зэрэг заяах учиртай, зэрэг заяах тэнхээтэй байж шүү. Шөнийн Каирийн гудамжаар би алхана. Нутаг усны минь тэнхээний тухай хөөрүү дэврүү бодол нэг мэдэхнээ намайг унаган багын гэнэн дурсамжинд живүүлсэн байлаа.
Өгүүлэх нь: Миний багад манайх нэг майга хар аттай байж билээ. Миний мэдэхийн түүнийг майга хар гэдэг байв. Манайх нүүх болдог, манай << бөгийн бөглөж бөгсийг таглахаар >> аян жин,ацаг улаанд яваад эзгүй л биш бол майга харыг авчирч сөгөлдөг байлаа. Аавын гэрийн хос дээвэр туургаар хоёр бөхийг нь манцуйлан ороож, буруу зөв талд нь хоёр хоёр хана барьж хомноод, гэрийн бүх новшийг чихсэн лавтайяа тус бүр арван пүүгийн хоёр хар авдрыг тэгэнчихэд майга хар маань бүтэн цагийн өмнө сөглөхөд хоёр өвдөг нугалж байсан шигээ л хорвоогийн тайван амирлангуйн туйлыг илтгэсээр хивж хэвтдэг байсан юм. Аугаа юм болгон тайвуун уужуун байдгийн эхний гэрэл сүүдрийг тийнхүү майга хар маань надад өгсөн билээ. Арван жилийн хөлсөө заран байж, аавын маань босгосон ар зургаан хантын хоёр салдаг хорол модон тооныг зуун дөрвөн унины нь хамт тэгширсэн бөхөн дээр нь зөрүүлж тавьчихаад, дотор нь өлгүүр тэргүүтэн гал тогооны бүх хэрэглэлийг овоолоход тэр сайхан амьтан сав суулганы хангир жингэр гэх яршиг ихтэй чимээнд нэгээхэн ч удаа чих хулам хийлэгдэггүйсэн. Манайх новш ихтэй айл боловч, нүүхдээ Майга хар атнаасаа бараг илүү гардаггүй байж. Тоонон дээр хом гудасхан дэвсэж, саравчтай хаалга тавиад, ах маань дүү бид хоёрыг нэг нэгээр гаргаж атныхаа нуруун дээр суулгана. Аавын оронд аав болсон тэр амьтны үе нь сунаж гүйцээгүй биенд ачаатай Майга харын нуруунд бид хоёрыг гаргах гэдэг тэрхэн зуур хэрхэн хэцүү байсныг хоёр хэнз дүүгийн нь хэн нь ч гадарладаггүй байжээ. Харин сүүлд ах маань энэ мэт зовлонгоо бидэнтэй хууваалцах болсон үе өмнөх өдрүүдийн тэр мэт явдлын дуулианыг би зүрхэндээ хурааж эхэлсэн юм. Цагийн эрхээр бие оролцож амжаагүй юманд зүрх ийнхүү хожуу гэхгүй оролцдог ажээ!
Ээж Майга харынхаа бурантагнаас шүүрч,ах маань аяархнаар:
-Хөөг, хөөг хэмээн хар атандаа нэгийг хэлэхэд лунжгар сайхан хар тэмээ эзнийгээ ойлгосноо илтгэх мэт дууны нь өнгөнд аяс нийлүүлэн, тэнгэрийн хаяанд сувраглан өндөрлөг аадрын үүл луугаа адил намтай аяарханаар босож ирдэгсэн. Гэр ачаалалсан майга харын нуруун дээр би дээшээ харж байгаагүй нь огт үгүй ээ? Үзвээс дээд тэнгэриийн боди хэмээн бодож байсан тусгай бандид тэнгэрийн адарт хир ойртсоноо өөрийн нүдээр хэмжих үзэх тогттоход бэрх нэгэн хүслэн тэр агшин төрдөг байж уу даа . Эжий намайг юм л болбол :
Үхэр чинь хаана байна, Ханан хадан дээр гараад харчих ? хурга чинь харагдана уу, ханан хадан дээрээ гараарай гэдэг байж билээ. Ээжийн ийн өгүүлэх болгон түүний Ханан хадандаа хичээн хайртайг би давхар сонсдог байлаа.
Хүйтэн Цагаан овооны Ханан хадны хормойд майхан олон жил зуссан болохлоор, орой дээрээ тэрэгтэй ачаа давхарласан хана хэрэм мэт чулуу овоолсон жижиг хүрэн толгойг ээж бараг өөрийн юм гэж боддог болсон ажээ.
Би ээжийнхээ ханан хадан дээр тэгтлээ олон гарсан болохоор аавын гэрийн ачаалсан Майга харын нуруун дээр суугаад явахдаа хэдэн түмэн жилийн ч юм бэ бүү мэд уртын урт насыг насалж,цөөн хэдэн дэлгэр зуныцагт миний ээжийг зовох жаргахыг нүдээр үзэж, бүлээн дулаан сэтгэлд нь өмчлөгдсөн тэр ханан хадыг дотроо сэм сэмхэн санадаг байлаа. Тэгэхэд Майга харын минь нуруу Ханан хадны зулай шиг өндөр бодогддогсон. Харин ханан хадан дээрээ гарахад, Ханан хадны зулай Майга харин нуруун мэт мяндас зөөлөн санагддаг байваа.
Ханан хадны ёроолоос урсах хүйтэн булгийн дэргэд булгийн ус лугаа адил тунгалаг нүдээ мэлтэлзүүлэн зогсоо Майга харыг харахад говь тал газрын минь мэнгэ гэлтэй тэр сайхан чулуу, сүр бараагаар тэр чулуунаас даан их дутах биш атан тэмээ хоёр эл горихоор эх нутгийн үндэс ёзоортой холбогдоно уу гэлтэй санагддаг үе байсан. Харин ээжийгээсээ хүний амьдралын нэгэн бүтэн үеэр дүү болохлоор тэр хүрэн чулуу, эжий хоёр өмнийн өдрүүдэд ямар сүү шиг ариун дурдатгалаар аминчлан холбогдсоныг гурван бандийн хэн нь ч мэддээгүй, асууж шалгаадаггүй явжээ.
Одоо бодоход Майга харын минь тэр их хүч, түүний хүнтэй ижилссэн ёс хоёр миний нутгийн тэнхээ юмсанжээ. Манай говийн тэнхээ, говийн хүний тэнхээ юмсанжээ.
Бүүр сүүлд том хүү болохын цагт говь талаа орхин, хөвч хангай гэж хэлэлцэгдэх нь диваажингаа ойргүй мэт санагддаг газрын тоосонд гутлын улыг дүрэн, ангийн найз Дэндэвийн Дугарсүрэн дагаж богд хан уулан дээрээ гараад, баян цайлган хорвоогийн зулайд гишгэв.хэмээн дөрвөн зүг, намайн зовхисыг мэлэмрэхдээ, ээжийн хайртай Ханан хад, Майга хар ат хоёроо элгэн тус газраа олж дурссан юмсан. Гэвч ээж ахын халамжийн хүрээнээс гараагүй , насанд халаагүй балчирхан явсан үедээ Ханан хадны магнайн тоосыг сайртай хөлөөр арчиж, Майга харын нуруунд суугаагүй бол хатан Туулд хөлөө дүрж,хан уулынхаа зулайг сармаг чадахгүй лавтай хэнздэг байснаа ойлгох ухаань тэнхээгүй зогсжээ. Энэ мэт нарийн ширийн бодол,хувийн тайлал зэрэг нь гуч гарахын цагт л зүү шиг нарийн гэгээ гэрлээрээ хүний сэтгэлийн сүлж ордог бололтой Нас тогтлоо гэж өвгөдийн маань хэлэлцдэг нь ухаан суухын нэр юм байна даа!..
Шөнийн Каирын гудамжаар алхалсаар гэртээ дөхөж ирэв. << Монгол хүн даан цөөхөн байдаг Африкийн энэ хотод манай жүжигчид ирсэн шүү дээ >> гэж санахад сэтгэлд маань нэг л өег дулаан болж байлаа Тэд нутгийнхаа тэнхээ, уран гоо хоёрын тээж авчирчээ. Би ч гэмээ яаж гэж дээ.тэнхээт тэр нутгийн нэр л хүү нь байна шүү дээ хэмээн зүрхээ хөөрөгсөн онгируун бодол бодов. Майга хар, Ханан хад хоёрын дамжин Хан уулын шилд гарсан надад итгэж албаа хаалгахаар, тэнхээт нутаг минь намайг пуужин мэт тив алгасуулан чулууджээ. Ай даа, Тэнхээт нутаг минуу ,зэ хэмээн хоолой зангируулан бодлоо! Улаанбаатар.1968.1970
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)