Хоёр хар буурын туурь МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос

Хоёр хар буурын туурь МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос
Ганган улаан тэмээгээрээ
Галбын говийг туулна хө
/ Ардын дуунаас /
ЭХЛЭЛ
Үргэлж гэхээр тамхины хөх утаа суунаглан, яриа хөөрөө буцалж, инээдэм шаагиж байдаг нэгэн бүлэрхүү тасалгаа зохиолчдын хороонд бийг даанч цөөхөн хүн мэдэх биз ээ. Манай орчин үеийн уран зохиолын жанжин штаб байрладаг гэж хэлж болох тэр өрөө чухам энгийн өрөө юм шүү. Тэнд зөвшөөрөл авч орж байгаа хүнийг би хараагүй юм байна. Гэвч тэр инээдэм наадам яриа хөөрөөн дундаас хожим бичигдэх зохиолын амин хүнс болох, увидас санаа бүрэлдэн хорвоогийн хүн болгонд хэрэгтэй үйл утгад хувилан тунгаагдаж байдгийн учир замаг сайд нуур луугаа адил тэр бүлэрхүү тасалгааг бас ч хүү энгийн өрөө биш гэлтэй. Юу ч л гэсэн уужим хорвоогийн өөр аль ч зайд биш, ер тэр л өрөөнд манай нэгэн ахмад зохиолч хоёр хар буурын тухай сонсох зуур бодлын хураар зүрх шавших нэгээхэн сонин дурдатгал хөөр билээ. Түүний чих тавин сонссон цагаас хойш нэгэнт уджээ.
Учир нажир төгс боловч адал тохиолдлоор элбэг энэ хорвоогийн ганцхан хомс хэрэгт өртөгдөн бүхий л мөчөөрөө тасар татуулж, гозон биеэр хөсрөнтөн үлдсэн намар оройн цагийн зулзаган хуш мэт гэгээ гэрэлгүй гунигт дурдатгал өнгөрсөн эл хугацаанд миний сэтгэл зүрхэнд яван явахдаа амьдралын бусад явдлын хөлд жигдрэн, өнгөнд ууссан дахин шигшигдсээр хүмүүс бидний хувь тавилан, тэмцэл зүтгэлт ойр тайлбал зохих нэгэн утгыг илтгэх, нэгээхэн сайхан туурь болон бүрэлджээ. Тэгээд ч миний унаган багын дурсамжтай өнгө зүсээ олон нэгджээ. Ийнхүү сэтгэл зүрхний гүнд аминлан бүрэлдэж, одоо хэр надтай харилцан хүүрнэлдсээр буй энэ тууриа гагцхүү уншигч Таны гэгээн оюуны гүнд хүргэж зайг эзлүүлэн бичиж дөнгөхгүй болов уу хэмээн ихэд айж байна . Юу ч болов өгүүлсүгэй.
1. Унаган насны дурсамж
Тэр явдлаас хойш хорин өвлийн цасыг хорвоогийн нар нэгэнт хайлуулан баржээ. Орсон буурын тухай томцуулын хэлэлцэхийн сонссон болохлоор бүүр бага байхдаа орсон буур хэмээх нэгэн хүчирхэг сайхан амьтан ээж, дүү, ах бид дөрвийн айл болон амьдарч, аж төрөн суугаа энэхүү газар дээр байдаг гэгчийг би мэдэж билээ. Гэвчиг цэвэр сониуч хүслэнгээр дүүрэн явдал бага насны минь харамсал болоход ингэ, тайлаг тоймгүй олон удаа унаж, торгон зогдор дэвсүүлэн гүйлгэж байсан боловч орсон буурын бараа турууг олж харсан минь ерөөс үгүй байлаа. Арван хоёр настай банди миний бэлчээр орсон буурын бэлчээр хоёр хоорондоо даанч их зайтай байжээ. Баярлалтай нь эрэл хагуулын дон шүгэлсэн нөгөөх сайхан хүүхэд насныхаа ачаар << жонон >> гэх хочтой сахалт өвгөн авгыгаа уцаарлуулан шалгаасаар орсон буурын талаар нийлээд их мэдлэгтэй байж билээ.
Орсон буур айлын хотонд томоотой гэгчээр шавьж зогсох нь хүртэл айхавтар байдгийг дуулаад орсон буурыг хээрийн галзуутай адил гэж нутгийнхандаа << задгай ам>> гэхээс өөр нэргүй олон үгтэй нэгэн хархүүгээс авсан ойлголт маань ташаа буруу болжээ хэмээн дотроо ихэд гэмшин залруулсан удаатай. Хорвоогийн хүний аманд гайхагдсан тэр хүчирхэг баатарлаг амьтны тухай ойлголт маань ийнхүү аривжиж ихэссэн төдийгүй басхүү цэвэршиж гэгээрсэн явдалд үнэнээс тэсгэлгүй баярлаж үхсэн цагт толгойноос нь атан тэмээ айдаг орсон буурын амьд сэрүүн явахыг үзэх мөрөөдөлд бараг юу ч үгүй болтлоо эзлэгдэж явсан юм.
Байгалийн гайхамшиг, ид хав, адал шидийг үзүүлсээр зулай зулайгаа гишгэн суваргалан босож ирдэг хар үүл, удалгүй заган агсрах хүчтэй салхин, түүнийг улаалан орж ирэх азарган их бороо эд бүхэн одоо л бодоход, балчир хүү миний үзсэн мэдсэнээр авсаархан унаган ядар сэтгэл, романтик төсөөлөлд орсон буурын ихэмсэг баатарлаг дүр ид хавын гайхуулах хүч тэнхээний уран гоог ургуулдаг байжээ. Аавын ар зургаан ханатыг балталзтал цахилгаан цахиад гүнгэрваатай бурхны өмнөх зулын тосыг цалгитал тэнгэр нижигнэн ханхийхэд ээжийн надад хэлж өгснөөр лууны хүрхрэлт гэж итгэх боловч энэ дэлхий дээр орсон буурнаас өөр ингэж дуугарч чадах амьтан нэгээхэн ч үгүй дээ хэмээн ахтай юм уу дүүтэй маргаж буй мэт дотроо батлан боддог байлаа. Хар багаас тэмээг ойлгож ,тэмээг ихэд эрхэмлэн үздэг болсон маань тэмээний хаан орсон буурын сүр хүчинд нууцаар бишрэн хүндэтгэх далд хүчтэй сэтгэлийг надад л нэг мэдэхэд бий болгосон байжээ.
Таван хошуу малан дотроос тэмээг хамгийн сайхан амьтан гэлтэй. Түүний нүдийг яана. Усан болортой ч зүйрлэе гэсэн тэр нүдний амьд уран нь туйлгүй ажээ. Ботго ингэний гунганан буйлалдах үед тогтоон харваас хөнгөн нулимс тунаран цийлэлзэх тэр торомгор нүдэнд хүний сэтгэл бэлчих мэт үзэгддэг хийгээд ийнхүү адгуусны нэгэн төрөл тэр сайхан амьтан бидэнтэй одоохон үг хэлэлцэх гэж буй мэт эрхгүй санагдуулдаг увьдастай. Тэр цагт түмэн олон жилд хүний гар ухаан хоёрын дор хөтлөгдөн явсан мал нь хүндээ хичнээн ойр дотно болохыг өөрийн элээсэн хомсхон цөөн жилд бид анх удаа ухааран ойлгоно. Тэгээд хүслэнт учралт хүрэх мэт тэмээнд баярлах сэтгэл төрөх вий !
Үлгэрийн номонд алтан буйл, мөнгөн бурантаг зүйл гэдэг тэмээний туулай хамар үнэхээр алт мөнгөнд таацахуйц уран гоо байгалийн ховор нэгэн бүтэц ажээ. Тэмээ ч өөрөө алт мөнгийг эдэлж дайхуйц буян хишгийн амьтан билээ. Бүтэлгүй жинчний уршгаар сэтэрсэн туулай хамар ямар шиг нүд хальтрам байдгийг говь талын малчин хэн бүхэн андах үгүй ээ ! Гутаж хиртэхийг зөвхөн гоо сайхан болгон л гярхай нарийн ажиж мэддэг жамтайн учир тэр бөлгөө !
Би сургуульд орж зааныг мэддэг боллоо тэмээг хамгийн том амьтан гэж итгэн боддог байлаа. Тэгээд ертөнцийн сонины зах зухад нүд нээгдэж ухаан тайлагдах үеийн өндөрлөгөөс эргэж харах цагт манай говийн зоригт адгуус тэмээ дэлхий дээр хамгийн том нь биш боловч, насны итгэл бодол эс хууртагдав хэмээн урамшихын зэрэгцээгээр ийм баялгийг агуулсан төрсөн нутгийнхаа өмнөөс баярлаж чадаж байсан мөч бийсээн. Тэмээ бол миний эхлэл төгсгөл хоёрыг эзэгнэн заяагч эх сайхан оронтой намайг холбосон мянган шижим, түмэн зангилааны нэг нь ажээ гэдгийг магадгүй тэнд эхлэн огоорсон байж мэдэх билээ.
2. Зүрхэнд аялсан дуун
Тэр жилийн цагийн сайхан намраар уригдан ирсэн амьтны сайхан хоёр хар буурын тухай одоо өгүүлье.
Тэрнээс хойш буурал хорвоод таанын толгой хорь дахин гундан хагдарч, тэмээний дөрвөн үе төрж лавтайяа хоёр үе нь өсөж өтөлсөн болж танаас түм дахин илүү настай орлой нутгийн хүн ардын зүрхэнд сүр хүч үзүүлэн үзнсгэлэн гоогийн сахиус болон шингэсэн тэр хоёр буурыг одоо хэр нутгийн өвөгчүүл <<сумын тэмээний сор байж билээ>> хэмээн ярилцан хөөрсөөр байна. Тэр намрын тэнгэр нар байгаль гурвын бүрэл зохицол ургац дээж гэлтэй хоёр лунжгар хар буур нэг л мэдэгдэхгүй бий болсон тэр болгон хүний сэтгэлийг эс хөндсөн ч үзсэн болгоны нүдийг булааж байлаа. Сонсвоос сумын өмнө биеэр нутагладаг тэмээт Авгаан балдан гуайн хоёр буур усны тунгалаг, өвсний соргогийг эрэн явсаар Орлойн шилд бие оторлон <<буусан нь>> энэ байжээ. Бодвол орооны цагаас өмнө тарга хүчээ олж авах гэсэн хэрэг бизээ. Тавиун цаг, ээвэр нар бүхий баян дэлгэр ургацын тэр намарт таацан нийлэх хоёр сайхан амьтан говийн ногоон бударган дотор сүүхийлцэн зогсоцгоодогсон. Би нэг удаа ахыг шалсаар байгаад хонины муу хөгшин цагаанаа хэдрэн, лавай арван саахалтын газраас очиж тэр хоёр буурыг үзэж билээ. Үнэнхүү гойд сайхан амьтад байсан шүү. Амьд буур үзэв гэж учиргүй их баярлачихсан явсан намайг харж ах жууман жууман инээмсэглэж байлаа. Ганц майга аттай, ядуу ээжийн борви нь төлжиж сунаагүй, саахалтын айлаас хол яваагүй хэнз банди надад тэр хоёр бууртай золгосон маань бөөн баяр байсан ч, Орлойг өдрийн хэдэн удаа л болов арлаж энгэрлэж үзсэн ээжийн ганц өссөн хүү ахад гэвэл буур зэрэг нь тийм ч сонин гайхалтай амьтан хэдий нь биш болжээ.
Тэр хоёр буур шинэ нутаг ирснийхээ дараа нэг хэсэг хоёулхнаа л байсан юм. Усанд явсан ч хамт, хэвтсэн ч нэг дор, бэлчээрт ч цуг байдаг байлаа. Илүү ч үгүй дутуу ч үгүй тэмээний үерхэл гэдэг ердөө л тэр ажээ. Тэрбээр мах цуснаас зөөлөн сайхан, холч амирлангуй амьтан болохлоороо үерхэхдээ хүртэл элдэв шалдав илүү дутуу зан үзүүлэгдэггүй байх нь ээ. Манай намаржаа тэгэхэд Орлойн баруун зээрдийн арын нарийн бударганы урд ширээ дээр байсан болохоор тэр хоёр буур зарим орой ч мөн манай хотонд зочлон ирж, үнсэн дээр хэвтэж хоноод явдаг байв. Зочин тэмээ зочин хүн шиг эрт босдог юм билээ. Нэг удаа муу хашин цагаан дээрээ айлын хонинд хоцорчихсон гувшаа цанхин хургаа дүүрээд харьж явав. Нөхлөх болгон хашин цагаан чихээ эгдүүцэн хулмайж, давирах болгонд өвлийн дэрсэн бут мэт шингэн сүүлээ шарвах хийгээд адаглаж шогших ч үгүй, хүнд эдлүүлсэн адууны урам л юмдаа гэсэн шиг арай чарай гээд гэлдэрнэ. Гувшаа цанхин гэвээс цадталаа угаадас шийдэм залгилчихаад сүүдэрт муу биеийг энгээр нь авчирч хаясан хөгшин халтар шиг хүзүүгээ байдгаар нь сунган эмээл дээр минь хангалуун нь аргагүй хэвтэнэ. Би цанхинд эмээлээ хүртэл булаалгачихаад, хашин цагааныг хэдэргэн нуруун дээр ядаж тохом ч үгүй хайрагдуулан яваагаа үзэж, өөрийнхөө ядуу мууд гутрав. Гувшааг сугандаа сэвхийтэл хавчуулчихаад, дөрөөн дээрээ босон морины хар гүйхээр туурай нижигнүүлэн алга болох хүсэл надад байсан ч энэ бол зөвхөн хүсэл л байлаа. Тэгээд арга буюу ертөнцийн бүх адгуус малан дотор энэ хоёр лавтайяа хамгийн муу нь биз хэмээн хашин, цанхин хоёрыг нүд үзүүрлэн, өөдгүй нүүдгүйтэйгээ ингэж таарчээ хэмээн нэгэнт учирсан гурван биеэндээ бухимдан явав. Тэгэхэд хойтхон талд хонь хургын дуу сонсогдлоо. Үзвээс түмэн цагаан нуруу гүвэлзүүлэн, мянган хар толгой шоволзуулсаар манай хотын хонь хургаа дагуулан гарч ирж байв. Оройн саам шувтараад хонь үдэшийн бэлчээрт тэлхэн буй нь энэ ажээ. Хонийг нь харуулмагч би гувшаа цанхиныг түлхэж орхив. Тэр шууд л үргэлжлүүлэн үйлдэж байгаа мэт хашин цагаанаа цааш гэлдэрүүлэн одов. Гэнэт шөнийн харанхуйг хагалан нар тусах мэт нэгэн сайхан аялгуу чихнээ хадаад гарлаа. Тэр аялгууг шингэж байгаа нарны зүгээс бүсгүй хүний уян налархай хоолойгоор өргөн эгшиглэх ажээ. Дөрөөнд боссон юу ч эс харагдана. Тэр дууны өнгө утгаа хүний зүрхэнд хүргэхийг яарах богино айзам усанд туссан сарны туяа мэт уран хирнээ ширхэг бүр нь тод сонсогдох нарийн нугалаа хоёр, дуулах эзнээ уянгалаг хөгтэй хоолойд гойд хорших хийгээд надад наран өөрөө амилан дуулж байна уу даа гэлтэй санагдаж байлаа. Гэнэт хашин цагаан алхаа татав. Энэ морь энэ дууг зогсож чагнах нь уу гэтэл үгүй, морь маань Уур булаг хэмээх булгийг өмнөө үзсэн хэрэг ажээ. Хашингийнхаа амгайг булгийн усанд оруулав. Миний сэтгэл нэгэнт хөхүүн сайхан болжээ. Булгийн ус морины хөл доогуур урсан урсах хийгээд хашин цагаан тэр усыг бүгдийг ууж барах гэсэн мэт шуналтай нь аргагүй залгилна. Булгийн ус мэт урсан урсах нөгөө аялгуу ч хангинасаар ажээ. Харин тэр аялгууг хүсэл бодол, хөөрөл дэврэлийн түмэн утас үндэс хөврөн хүүрэлдэн буй зүрх сэтгэл маань ховдгоор залгилан байна гэдгийг анзаарч зогслоо. Гэвч жинхэнэ дууг хүн зөвхөн өөрийн болон хүний зүрхэнд дуулдаг юм байна гэдгийг тэгэхэд хараахан ойлгоогүй билээ. Нөгөө аялгуу хоолой хоёр ойртон ойртсоор надад нэгэнт үг нь сонсогдохуйцаар дөхөж ирлээ.
ганган улаан тэмээгээрээ
Галбын говийг туулна хө
Гал шиг халуун наранд нь
Гандаж явлаа би чинь ээ хө...
Аа энэ чинь тэмээ хүн хоёрын тухай дуу байна шүү дээ, сайхан дуу юм даа гэж би бодлоо. Яг энэ торгон агшинд наран доогуур гүйх ногоон довийн цаанаас хүний толгой шоволзсноо, дахин хоёр хурам өнгөрөхөд нэг хар буур унаж, нэг хар буур хөтөлсөн бүсгүй хүн ногоон дов дээр зогдор хөдөлгөн гарч ирлээ. Зүрхэнд шингээд уусаж амжаагүй цуурай нь хангинан хангинасаар буй нөгөө сайхан дууны эзэн нь энэ байжээ гэж би олзуурхан бодлоо. Тэмээ хүн хоёрын тухай гэрэл мэт тэр дууг надад авчирч өгөх л гэж явсан мэт одоо гэвэл нөгөө эгч дуулахаа нэгэнт зогсжээ. Хоёр буур алхалсаар ирэв. Алхаа нь тийм ширүүн биш боловч дорвилуун хөлөө алгуурхан зөөж тавихад өвдөг зогдроос нь салхи нүдлэн шуурах ажээ. Лавтайяа үс болгоны нь үзүүрт шингэж байгаа нарны хэдэн буман туяа зууралдан бүжих тул тэр хоёр буур нарыг тоо томшгүй олон алтан утсаар оосорлон чирж явна уу даа гэлтэй үзэгдэнэ.
За миний дүү сайн явна уу! гэж гийчин авхай зөөлөн асуув. Би мэндийн хариу өгөх зуур нүдээ өргөлөө. Үзвээс хөдөө нутагт ховор байдаг шингэн цагаан царайтай, бараг шонхор гэхээр шулуун тэгш хамартай, яльгүй хөнхөрдүү боловч давхраа сайтай хонин бор нүдтэй нуруу гоолиг байрын хорь орчим насны хүүхэн Авгаанбалдан гуайн их хар буурыг хүлэглэн, бага хар буурыг хөтлөн, хос сайхан амьтныхаа алхааг саан зогсож байв. Тэр эгч утас нь сэмэрсэн нарийн торгон алчуур янзтай гоё зангидаж хүрэн даалинбан тэрлэг будмал цуу ямбуу бүсээр дарж бүслээд хоолойны нь товчийг задгайлан хаясан ажээ. Түүний нүүрнээсээ цагаан харагдах хүзүү, дан тэрлэгний цаанаас миний нүдийг дальдруулан сэрийх хоёр мээм, тархин дундуур шавхуурдах мэт өргөдөн буух урт хар сормос, тэр сормосон дээр аальгүй хийгээд уян уран элгэн дотно бүхнийг өөртөө шингээсэн хоёр бор нүд цөмийг нь би хормын зуур ажиглаж амжив. Хүн бас тэмээнээс дутахгүй сайхан юмаа гэж бодлоо
Орлойд байна гэж дуулаад, эгч нь ирж хоёр хар буураа аваад буцлаа. Унаж явсан муу хөх атны маань хөл доголчихжээ. Би танай дээр орхичихов. Дүү минь чи гаран орон харж байгаарай ! гэнэ. Тэрбээр миний хэн болохыг хэдийнээ мэджээ. Би гэвэл энэ хүү үг хэлэлцэх завшаанд сэм баярлаж тэр эгчээс нэг, хоёр зүйлийг асуув. Тэрээр тэмээт Авгаанбалдан гуайн охин хийгээд нэр Гангаадарь гэх ажээ. Тэгэсхийгээд гэнэтийн сайхан учрал төгсөж, Гангаадарь явах болов.
За дүү минь сайн сууж байгаарай . Муу хөгшин хөх атыг минь гайгүй мэдэж байгаарай.
За та сайн яваарай гэж би хариу өчив. Гэвч би зүрх сэтгэлдээ ганц Гангаадарь биш, гурван сайхан амьтан гурвууланд нь тэгш сайхныг хүсэн үдэж хоцров. Манайд байдаг <<майга хар >> хэмээх ганц данхар ат бас сайхан амьтан шүү дээ. Тэгэхэд тэр хоёрын эрдүү дорвилуун болон сүр хүчний нь гоо жавхаа үзвээс < майга харынхаас>> илэрхий давуу ажээ. Хоёр ханан хад нүүгээд явж байгаа үзэгдэнэ. Буурын цээж атны цээжнээс хавьгүй зузаан хийгээд толгой нь том, сэрвээ нь өндөр, тавхай нь өргөн, хумс нь хурц байдаг юм билээ. Буур тэмээний хаан болох учир буурын сүр тэмээн дотроо ямар томруун бол гэж надад аандаа бодогдов. Дөрвөн сайхан нүдэндээ сүн далайг цалгилуулсаар, сүмбэр уул шиг хоёр амьтан алхаагаа ээж, аавын сэтгэл шиг нийлүүлэн холдоход, чамхархайд цус бөөгнөрөн лугшиж, хоолой зангирч байлаа. Их хар буурын ширээ бөхний хооронд сууж яваа Гангаадарь ажааг би ээжийн ороосон зулын голтой ч, өөдөө бадрах галын дөлтэй ч зүйрлэж эс зориглоно. Тэр бол өөр юутай ч жишигдэшгүй Гангаадарь ажаа л байв. Агаарын тунамал, нарны тунгалгийг хэлж эс барам ногоон байгалийн дунд гурван амьтантай азаар тийн учирсан маань хөөрүү дэрвүүн бодлын биелэл болоод зогсоогүй юм. Ертөнцийн сайн сайхан элбэг баянд сэтгэлээр уусан, биеэ түүнд таацахуйцаар зэгсэн авч явахсан гэх хүний, хүн яснаас урган бүтэх нэгэн хүчит эрмэлзэл тархи өөд цоргин орж ирэхийг мэдэж авчээ. Далд нэгэн хоолой:
Ганган улаан тэмээгээрээ
Галбын говийг туулна хө хэмээн миний чихэнд хадан дуулж байлаа. Одоо ч галбын говийг  зөвхөн тэмээгээр л туулж болох биз ээ. Гэрийн зүг морины жолоог залж, хашин цагаан ухасхийн цогуулав. Би хэдийн дөрөөн дээрээ босжээ. Урам зориг орж мориныхоо дөрвөн туурайн дор тас няс хэмээн бутрах говийн жижиг чулууны дууг сэтгэл хангалуун сонсож явлаа. Нар уулын цаад руу бууж амжаагүй байхад хашин бид хоёр тэргэн дээрээ ирчихсэн байв. Тэгэхэд би амьдралдаа анх удаа хашин цагааныг морь, өөрийгөө эр хүн гэж итгэн бодож билээ. Гэвч удалгүй зүрхэн тус газар намрын халшрал мэт нэгэн хүйтэн гуниг наадаж явсныг олов. Тэр бол хоёр хар буурын нутаг буцсанд харлаж гонсойсон сэтгэл маань байсаан.
3. Цэгээн чулуу хагарав
Намрын сэрүүн орлоо гэхийн оронд томцуул энэ намрын урь харилаа гэлцдэг байв. Үнэхээр цаг сайхнаараа байсаар нэг л мэдэхэд өвөл болсон байж билээ. Гэвч өнтэй өвөл Түвшиниширээ уулаас Орлойн шилийг хүртэлх нарийн зурвас газар л байжээ. Сумын хойт урд бие бас Шүүтийн говиор зуд гэлцэнэ. Зуд болжээ гэж хэлэлцсэнэс хойш төдий л удалгүй отрынхны хөсөг манай нутгаар үзэгддэг болов. Нэгэн өдөр манайд урт цагаан сахалтай нарийн хянган хамартай өндөр ухаа өвгөн ирэв. Намайсан сайхан өвгөн ажээ. Тэрбээр үл мэдэгхэн хөлчүү агаад энэ нь өвгөний байдлыг улам ч нүдэнд дулаан тохитой болгосон мэт санагдана. Ээжтэй хэлэлцэх үгний нь өнгөнөөс үзвэл яах аргагүй тэмээт Авгаанбалдан гуай байлаа. Агшин зуур тэр өвгөнийг мянга дахин хүндэтгэх ховор баян сэтгэл надад төрж билээ. Тийм сайхан хоёр тэмээний эзэн нь нүд сэтгэл дүүргэх ийм сайхан буянтай буурал байсанд би баярлах мэт болов. Тэгэээд малын эзэн ямар ч хүн байж болно гэхэд Гангаадарийн аав заавал л ийм хүн байх ёстой биш үү хэмээн хэнз бие балчир нас хоёртоо томдсон гэхээр бодол бодож суув. Мөнгөн аяганд хийж барьсан цэнхэр сархдыг алгуур шимж уух зуур Түвшинширээ уулын өгөөмөр суудал өргөн сайхан завилаан дээрээ урт цээжээ дайвууласхийн тэр өвөө ээжтэй минь хуучилна. Энэ өвөө яасан мэргэн өвөө бизээ гэж надад бодогдоно. Чухам юу ярьсан нь миний санаанд одоо алга л даа. Авгаанбалдан гуай тэгэхэд цаг цагаараа байдаггүйн тухай их л учир нажиртай юмс хэлж байсан санагдана.
Би гэвэл Түвшинширээ уулыг лавтайяа өгөөмөр баян суудлаар нь Түвшинширээ уул хэмээн энэ буурал шиг нэгэн мэргэн өвөө онож нэрлээ дээ гэж амьхан хувьдаа битүүхэн том юм бодох зуур Авгаанбалдан гуайг хоёр хар буурынхаа тухай хууч хөөрөөсэй хэмээн тэсэлгүй горилж суулаа. Гэвч өвгөн дандаа өөр юм ярьж байгаад мордсон юмсан. Харин гурван долоо хоногийн дараа би хүслэн болсон хоёр хар бууртайгаа дахин золгож билээ. Эхлээд би бага хар буурыг үзэв. Өвлийн дунд сарын жалхгүй шаргал нар гэрийн тотгон дээр голлож байсан үеэр юмсан даг. Ээж гаднаас орж ирээд, 
- Хүү минь чи сонсож байна уу, урд хоолойд орсон буурын шүд хангинаж байхыг гэв. Би гэдэг хүн хар хурдаараа гүйн гарах нь тэр. Тэгээд ч гарсан дороо тэр дууг олж сонслоо. Орсон буурын шүд согтуу хүний шүдтэй адил хяхнадаггүй юм билээ. Газрын холд болон завсар хоорондын олон чимээнд бүдэгшсэн тэр дуу тас тас хийх агаад чих тавин сайн сонсоход үнэхээр хангинах мэт дуулдах ажээ. Удалгүй нөгөөх чимээ тодрон тодорсоор манайхаас өмнөхөн орших хар толгойн сээвгэр орой дээр хэдэн тэмээ гарч ирлээ. Үзвээс гол нь ингэн тэмээ ажээ. Нэг багашаархан гунжны хүзүүнд уясан гуулин хонх тасралтгүй жингэнэн дуугарна. Таван хурам хиртэй хугацаа өнгөрөхөд ертөнцөд хамгийн ихээр санаж хүсэж явсан орсон буураа миний бие олж үзэх минь тэр.
Тэр буур Авгаанбалдан гуайн бага хар буур байв. Хотын айлын хиртэй газар ирээд цасан тоос татуулан ингэнүүдээ хуйлруулан хураав. Тэгээд үлэмжийн уран бие цогцос ихэмсэг баатарлаг дүр зургаа надад гайхуулах гэсэн мэт бараатай тэргэн тус газар ирж шавж зогслоо. Цасан их тал, үүлгүй хөх огторгуйн дэвсгэр дээр шавж зогсоо тэр буур тэнгэр газрыг нумлан холбох амилсан дэвх мэт үзэгдэх бөлгөө. Буурын толгой нилдээ цагаан хийгээд мөстөж цантсаны учир сээзгий чинээ болсон тэр толгойноос уур савсах ажээ. Энэ лавтайяа халуун уур биз гэж би бодож зогслоо. Тийм толгойноос амьд ат байтугай авга маань ч айх байсан билээ. Тэр сээзгий цагаан толгойн голд тас хар хоёр нүд нэгэн газар тогтож байрших нь үгүй хулганы нүд мэт гялалзана.Тэр нүд тунгалаг сайхан боловч түүнд зүрхэнд хүрэх нэгэн аймшигт үзүүр байхыг олж үзэв. Буур нүднээсээ бусад юмыг хайрладаггүй гэж томцуул ярьдагсан. Нээрээ ч ийм нүдийг хайрлахгүй бол өөр юуг ч хайрлах билээ дээ. Буурын толгойг булж бүрхсэн цан хүүрэг адтай догшин гялалзах нүд хоёр ерцөнцийн бүх өнгөний эх эцэг хар цагаан хоёр өнгөнд нэг нэгээрээ амилан бүрэлдсэн байдаг юм билээ. Унаган даахиараа залаалан унжих азарганы дэл мэт өтгөн хүрэн зогдор эгэм тус газар нь бага зэрэг шингэрээд, нүд шиг нь хар сахал урт өвдөгтэй нь нийлэн суусарлажээ. Бага хар бараг боривон дээрээ оцойн сууж, сахал үстэй данги хөлдүү сүүлээрээ хойт бөхөн тус газраа балбалах бөлгөө. Ширээ буур бөхөндөө шавах гэдэг нь энэ ажээ. Энэ дэлхийд түших тулах хэрэг гарсан мэт бахим дөрвөн хөлийг шийрлэн жийж, зааны тавхай мэт түшиц сайт дөрвөн сайхан тавхайгаараа зөөлөн цасыг ломбодон газар тулан зогсжээ. Орсон буурын цээж уулын цээж шиг өргөн зузаан агаад гэдэс нь уургын хуйв шиг нарийн чивчрүү байдаг юм билээ. Би тэр цээж гэдэс хоёрын аль алинаасаа буурын хувьд оногдох хорвоогийн их хүчийг амтлах шиг болж байлаа. Цаг ямагт зөвхөн ууж идэхийн хойно явна гэвэл эрэлхэг баатарлаг болж эс чадахыг байгаа эхээр энэ амьтан нэгэнт хэлүүлэн төрөө юү гэлтэй.Тиймээ, үнэхээр голио зэрэг арчаагүй амьтан л тэнгэр мэт их гэдэстэй болдог тавилантай. Иймийн зэрэг жижиг зүйл дээр ч болов утгын нэгэн цээл танигдаж байдгийн уншигч та лавтай надаас өмнө амжиж бодож буй буй заа.
Гэнэт миний чихэнд үргэлжлэн хүчтэй хавших чимээ сонсогдов.Тэртээ баруун урдаас аадрын үүл гэтэл үүл биш , Аргалын уул гэтэл уул биш нэгэн лужир том амьтан ирж яваа харагдана. Тогтоон харваас Авгаанбалдан гуай их хар буур ханан хад мэт аварга том бие дороо дөрвөн тавхайгаа шил толь адил гялалзуулан Орлой шилийн их дэрс мэт өтгөн хар зогдроо хөвхөлзүүлсээр тэшүүлэн айсуй. Түүний харахад бахдал айдас хоёр сэтгэлийн нэгэн зайд байр булаалцалдаж байлаа. Эрүү нь үен залгаагүй янгинан хавшиж, их биений нь томдоо юу гэлтэй агаруу толгой нь данхалзан ам хамраас нь савсах уур утаа эрдүү сүржин дүр байдал нь улам гайхалтай яруу болох ажээ. Бага хар буур их хар буурны айсуй явааг хармагц шаваас суудлаа орхиж биеэ эгцлэн, хүзүүгээ алгуур сунгаад хурц хар нүдээ эргэлдүүлэн хялав цайлав хийлгэн их харыг зүг хэдэнтээ шилбүүрдэв.Тэгснээ гэнэт тайван байдал нь эгшнээ алдагдаж ингэнийхээ зүг суналзтал алхлуулан одлоо.
Тэгээд Хулгар чихтэй гоолиг өндөр чацтай ганган цагаан ингийг ялган авч зүүн ургашаа одов. Их хар гэвэл даруй зүгээ өөрчлөн цагаан ингэ бага хар хоёр амдаан тэшүүллээ. Үүнийг мэдсэн бага хар гүйдэл саан алхуулснаа ингээ орхиж их хар буурын зүг ер эмээсэн шинжгүй ирэв. Одоо гэвэл хоёр буур гарцаагүй учрахаар нэгэнт өөд өөдөөсөө чиглэн алхалж гарлаа. Аль аль нь арслан том толгойгоо сэгсчиж хүзүүгээ уулын арын гуу жалга мэт сунайлган хаяжээ. Тэд хүчээ нөөж, биеэ хурааж байгаа бололтой ойртох тутам явдлаа зөөллөнө. Хагас сөгдөж сулд нь хаясан урт хүзүүгээр дайралдсан бут сондуул болгоныг цас манруулан шөргөөнө. Хавшин нийлэх амнаас нь хөвөн мэт цагаан хөөс цацаглан хаялж, дөрвөн нүд дөрвөн жад мэт эсрэг ширтэлцжээ. Тэгээд айл айлын хиртэй газар очсоноо хоёул бараг зэрэг гэхээр алхаа татав. Тэгээд мөн хоёул бараг зэрэг гэхээр шаасан гадас шиг хөдөлгөөнгүй зогсож аваад шавж эхэллээ. Нэн ч их удалгүй тэлсэн нумны хөвч мултрах мэт шаваас задран, замын дунд шуугин учирлаа.
Тэр хоёр цахилгаан адил гялсхийн зөрөлдөөд явчихсан чинь их хар дорооо тэрий хадчихсан харагдлаа. Бага хар чухам ямар <<мэхээр>> унагасыг би нүдээ бүлтэлзүүлэн зогссоор байсан хир нь тийнхүү олж мэдэлгүй хоцорч билээ. Тэгэвч бараг нүд ирмэхийн төдий агшин өнгөрөхөд л унасан буур бахим дөрвөн хөл дээрээ боссон байлаа. Нэгэнт дарж авч амжаагүй бага хар гэвэл дахин довтлохоос өөргүй болжээ. Гэтэл их хар маш завдаархуу хөдөлж, бага харыг дайран ноцов. Бага хар ч хэрхэхээс буцсангүй, бахим танан шүдтэй амаа тохойн чинээ ангайсаар цээж түрэн угтлаа. Их хар бага харын омруун доогуур урт хүзүүгээ шаан хүрч
ирж буруу талынх нь хойт хөлийг шүүрэн үмхэв. Бага хар их харын шилэн дээгүүр сунан ирж, зөв талын цавинд хурц цагаан шүдийг шигтгэн зуурлаа. Одоо гэвэл тэд арслан барс шиг арсалдан барилдаж, аварга, могой шиг ороон зууралджээ. Тэгснээ удалгүй тавилцав. Лавтайяа хүч нь тэнцсэн хэрэг буй заа... Тэр хоёрын зодолдоон оройн нар ортол үргэлжилж билээ. Би эхлээд тэр гайхамшигтай тулалдааныг үзэж хөөр бахархлын цээнд хүрч байсан боловч удалгүй зул бөхөх мэт баярын сэтгэл унтарч, харилцан бие биенээ дуустал хөнөөх гэж зорьж байгаагий нь үзээд хүйтэн гүрвүүл зүрхэн тус газар мөлхөх лугаа адил болж, айдас төрж эхэлсэн юм. Гэвчиг дайсагналцан өших гэдэг тэр болоод өөрийн амийг өрөн байж, дайснаа хөнөөхийг зориг байгаль амьдралын гүн учир начир тэр тулалдааны утга тайлал болж байсныг хожим сэнхрэн ойлгохдоо тэр хоёр буурын хэнд нь ч бурууг эс өгсөөн. Хоёр хар буур гэвэл урин тэр өвлийн урт эрэнд ч бие биенээ дийлсэн нь үгүй ээ.
Эцэст нь унаган нутаг өөдөө яарсан ганган цагаан ингийг булаацалдан бараадсаар, Шүүтийн говийн эрээн бударганы захад хүрсэн хийгээд хоёр биенээ отож хэвтсээр өлсөж сульдахын туйлыг үзэн зүдэрчээ. Тэгэвч аль нь ч алиндаа ер бууж өгөхийг бодоо нь үгүй билээ. Харин хаврын цагаан хавсарганы ид үеэр хэвтрээсээ арай гэж босож байсан тэр хоёр руу өлөн чонын сүрэг уулгалан довтолжээ. Лавтайяа арван тав орчим чонотой тэр хоёр буур харгалдан тулалдсан хийгээд хувь заяа тэднийг үхэл амьдралын босгон дээр нэгэн бурантгаар холбон хөтөлж авчирсныг үзэж, өвөлжин дайсагналцсан хоёр адгуус нэгэн хүн шиг үзэлцсэн байв гэнээ. Гэвч харамсалтай нь буурын хурц шүдэнд тасар татуулж, өвдөг тавхай дор нь нидрүүлсэн долоон чонын дунд хоёр хар буурын нь сэг байхыг тэмээт Авгаанбалдан гуай өөрөө үзсэн юм гэдэг. Тэр мэргэн өвөө:
--- Юу ч гэх вэ дээ, адгуус гэж ийм байх юм. Миний хоёр буур бие биетэйгээ харгалдаагүй бол арван таван чоныг арван таван хурга шиг л зажлах сандаа хэмээн толгойгоо барин суужээ. Урьд нь чонын тухай олонт сонссон боловч, бууртай хүнтэй хорвоод чоно хэмээх нэгэн мартаж болохгүй араатан бийг тэр өвөл л Орлой сайхан нутгийнхан ёстой утгаар нь ойлгосонсоон.
4. Сайхан хүслэнгийн бодол
Дээр хэлсэнчлэн тэр өнөтэй хир нь гунигтай өвлөөс хойш хорин жил харвасан сум шиг өнгөрчээ. Хорин жилийн өмнө төрсөн нутгаасаа ганцаараа гараад дөнгөж өчигдөр ижлээ дагуулан оонын хоёр эвэр шиг эр хоёр загал шиг нутаг усандаа зэрэглэн орж ирлээ би. Хорин жил хэмээх барагтай ясны хүний гурвантаа эс наслах цагийн энэ цээл Африк голын бүлээн урсгалд хөл дүрж , Алексийг алтан элсийг очиж самарсан газрын тэр уртад хоёр хар буурын түүхийг миний бие мартаа нь үгүй явлаа. Энэ хугацаанд хоёр буурыг анхлан үзсэн тэр намрын тэнгэр шиг гэгээн дурсамжийг маань арван таван чонын тухай бодол сүүдэртүүлэн байлаа Тэр бодол миний хамгийн сайн сайхан бодлуудыг үргээж байлаа.
Тэгээд ч энэ өглөө хонгор хүүхнээ дагуулан авч мордохдоо нэгийг дотроо шийдэж билээ.Тэр шийдвэр биелж хоёр хар буурын таалал төгссөн алтан өлгийг дөнгөж сая эргээд бид одоо гэрийн зүг буцаж яваа маань энээ. Тэр хоёроос зөвхөн хоёр толгойн яс л үлджээ. Долоог чоноос гэвэл шаант , богтсны хугархай ч дайралдсангүй. Морьд аяархан тургиж амгай зуузай хангинан, бид хоёрын дөрөө харилдах агаад тэртээ хойно хөхрөх харагдаж байгаа бүдүүн ухаагийн ар руу, Цагаан усны баруун урд дээр ээжийн минь бор гэр бий гэж надад бодогдоно. Бид ээжийнх рүүгээ явж байна <<Бэргэнийнхээ алтан үсийг сүлжих заяатай хөгшин байжээ,би>> гэж ээж минь ярьж суу л уу ...
Ээжийн гэрийн гадаа эвий хөөрхөн хошуутай ганган хар ботго уяагаа эргэж харагдсан . Зээр шиг зэрэвгэр зэрэглээ шиг ирэвгэр тэр амьтан хоёр хар буурын өнөө үе, ерцөнцөд тавьж орхисон тамга мөн ажээ. Тэр лав ухаантай сайхан буур болох вий.
Гангаадарь эгчийг үгүй болсон гэлцэнэ. Энэ мэдээг би зүрхэндээ гунигтай сонссон хир нь авилагачин боловч өглөгч хорвоогийн араншинг мэдэхийн учир Нил-Ажааг харж сэтгэлээ тайвшруулсаан. Сайхан Гангааг өөд болсныг мэдэж түүнийг орлохоор унахын цагт түших, уйлахын цагт аргадах, унтахын цагт сэрээх хонгор Нил-Ажааг унаган уугуул Шүүтийн говьдоо дагуулж ирээ юм биз дээ би! Нил-Ажаа миний мөрийг түшин,
...............................................................................
Үзэгсэлэн сайхнаар хосолжээ хө
Өөрийнхөө гэрийг бариач дээ
Өрхний чинь оосрыг татъя би гэж дуулна. Би гэвэл хонгор хүүхнийхээ эл элбэг зүрхээрээ
уярахын хамт хоёр хар буурын тухай бодсоор явна. Тэр хоёрын үхэл нэг л хүний амьдралаас жич гадуур өнгөрөх зүйл мэт бодогдон бодогдоно. Азгүй тэнэг явдлыг цөөлөхийн тулд ертөнцийн ухаантай болгонд санамж болгож , амьд атыг айлгах хоёр хар буурын толгой дээр нэгэн сайхан дурсгалын хөшөө босгоё гэлтэй. Тэгвэл бүх үсгийг нь алтаар биш үлгэрийн ...................хар ямааны хамгийн хар ямааны зүсээр бичсүгэй гэж нэгэн далд дуу нь шивнэн шивнэж байлаа. Дараа нь кино зураг мэт тэмээний тухай олон олон бодол дурсамж сэтгэлд дүрс хийн орж ирж, бүдгэрэн алга болж байв. Мам дух хэмээн нэгэн мисэр эр <<миний леыла ,тэмээ хоёр ертөнцийн гоо үзсэглэнгийн хоёр туйл>> хэмээн хурмын ширээний виска архины шил дундрах яагаа ч үгүй байхад хэлж байж билээ. Тэр ухаантай хэрсүү эрийн өвгөөсөө өвлөж хоцорсон хамгийн эрхэм дээд эрдэм араб хэлэнд <<Жамнла>> гэж гоо үзэсгэлэнт бүсгүйг <<жинмаал>> гэж тэмээг хэлдгийг би тэр агшинд санадаг байна.
Өглөө биднийг мордохын өмнөхөн завилсан зурмал гутлынхаа ээтгэр хоншоорт гансныхаа толгойг балбаж, хүндэт өвгөн аав маань, Нэг муу цагаан ингэний бөгснөөс л болж сумын тэмээний хоёр сайхан сор тэгэхэд алга болж билээ хэмээн хэрсүү бодол, гуниг хоёрыг хослуулсан байж, одоо нэгэнт ганц ч хар үсгүй болсон өтгөн цагаан сахал дороо бувтнаж суусан нь бодолд ургав. Энэ зуур авгын сахал, толгой хоёрт нэг л хар үс үлдсэн бол гашуун нь туйлгүй тийм хэрсүү үнэн үгийг сайхан бэргэн болон хүүхэд доодсынхоо дэргэд хэлж дөнгөхгүй залуудаж бишүүрхэх байсандаа хамээн бодлоо.
Аар саархар юмнаас болж дөрвөн зүг найман зовхисноо олон өртөө газар үгүйлэгдэх том гарз учрах ёсон бас ах, дүү ээж бид дөрвийн аж төрөн суусан хийгээд хойшид түмэн олон үе аж төрөн суух тэр шороон дээр байсан байх нь ээ !
Дараа нь дуунд гардаг ганган улаан тэмээний тухай бодол намайг олж ирэв.Хоёр бөхний нь хооронд суусан эзнээ гандуулан байж Галбын өргөн говийн туучуулах тэр тэмээ яавч тийм тэнэг үхлээр үхэх завгүйг би бодож оллоо. Хажуугаас нэг хүн тэмээ болгон тэнэг гэж нотлоод байгаа юм шиг << тэмээ болгон тийм тэнэггүй ээ тэмээ болгон тийм тэнэг үхлээр үхэхгүй >> хэмээн би батлан санаж явлаа. Хээрийн боохойд хэмлэгдэж, ертөнцийн салхинд хөсрөнтсөн хоёр хар буурын толгойг дөнгөж сая үзсэн боловч, хүний сэтгэлд тэмээний сайханд итгэх итгэл үхээгүй ариунаараа явна. Энэ үхээгүй итгэлийг <<Галбын говийг туучуулах, ганган улаан тэмээний>> буян, түүний тухай дууг зүрхээрээ сонссон миний аз хоёр тэтгэрийн барьж байгааг би төвөггүй тааварлаж билээ. Ганган улаан болон ер нь бүх тэмээ аав шиг ухаантай тайван, ээж шиг тусархуу өгөөмөр, ах шиг эрэмгий тэнхлүүн, эгч шиг уран гоо ер нь сайн хүн шиг сайн, сайхан хүн шиг сайхан нэгэн болон түмэн тус хорвоо юм байнаа! Хүн нь хүндээ хайртай байя гэвээс, хүн бүр тэмээнд хайртай байяа хэмээсэн энэ үгээр гунигт дурдатгалын мөрөөр төрсөн хоёр хар буурын туурийг төгсгөсүгэй.
ТӨГСГӨЛ
Нил – Ажаа миний гар дээр гараа тавьж, дурлалын мананд сүүмэлзэж , аз жаргал цалигласан, ус шиг хар алга тосом дур хүрэм өглөөний нар шиг тунгалаг нүдээр намайг харж
- Өөрийнхөө гэрийг бариач дээ
        Өрхнийх нь оосрыг татъя би  хэмээн чихэнд бүдэг хир нь зүрхэнд тод сонсогдох дуугаар хэлэв.
- За өөрийнхөө гэрийг барья гэж би хариулав.
- Тэгвэл өрхний чинь оосрыг татъя гээд Нил-Ажаа инээмсэглэнэ. Мөч өнгөрөхөд бид бараг зэрэг гэхээр дөрөөн дээрээ босож , омголон морьд чинь энэ хурмыг өнөөдрийн туж хүлээж байсан мэт өвс салхийг яаран туучсаар хурд нэмлээ. Би өөрийнхөө гэрийг барих гэж хонгор минь өрхнийх нь оосрыг татах гэж бид хоёр яарч байгаа нь ийн ажээ. Хажуухан дороос ногтруу дүрхийн босож агаар өрөмдөн цойлов. Тоолбол есөн ногтруу байв. Нэг нь ч төөрч салсангүй , есүүлээ есөн цагаан адил хэлхээтэй хэвээр ниссээр есөн цагаан хүслээ зэрэг биелэх мэт нэгэн газар буув. Үүнд би их бэлэгшээж , амраг ханьтайгаа нийлэн гэрээ барих тухай бодож эхэллээ. Хонгор маань энэ тухай бүр өнөөдрийн зугаалгын турш бодоо бизээ. Би гэвэл завгүй явсаар сая л энэ мэт бодол хүрлээ шүү дээ. Тэгэсхийгээд хоёр хар буурын тухай бодол сэтгэлээс минь аажим шахагдан туурийн хангинах чимээ манантсаар холдон замхарлаа.
- Ганган улаан тэмээг төрүүлж , миний хонгорын заяасан өгөөмөр энэ ертөнцөд таацаж тэнцэхгүйцээр амьдрахын тулд хэрхэх ёстойг би толгой дээрээ бодож явлаа. Салхи болгон ван сэмбэрүү ишээ бөхийлөгдөггүй шиг бодол болгонд хүний толгой гудайдаггүй ажээ. Аясын салхи сайхан хүслэнгийн бодол гэж хоёр юм энэхүү тэмээтэй, хүнтэй, чонотой ертөнцөд бий бөлгөө.
Улаанбаатар 1969.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Багдаулет (зочин)

Maash goe zoxiol shvv

sarangoo (зочин)

unheer goy yum bn

зочин (зочин)

энэ зохиол Д.Маам-ийн тэмээний дуурь гэдэг зохиол нь мөн юм уу хариулж туслаач. яаралтай

Зочин

энэ яг бүрэн эхээрээ юу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)