“АРГАЛЧИН ТОГМИД” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос

“АРГАЛЧИН ТОГМИД” МУСГЗ Д.МААМ “Тэмээний дууль” номноос
Эр бие сунаагүй нас хэнз байсан цагтаа баян Цэрэнгийн хүү шар Баяагийн өмнөөс Бароны цэрэгт мордсон хүн билээ, энэ Тогмид гуай. Хүний өмнөөс юунд цэрэгт мордох болсон бэ хэмээвээс ацганд урхилагдсан хэрэг шүү дээ. Ацганд Цэрэн гуайн өгсөн ихэр гэлтэй бие жижиг зүс ижил гурван цанхин цагаан төлөг, өрөөсөн эвэр хугархай, бас хөл хазгар эцэнхий хөх сэрх нийт дөрвөн тооны малыг архаг өвчинд баригдаж, хөгшин хонины насгүй, хөхвөр хонины зүсгүй болсон эмээ эхдээ хүргэхээр тууж явсан тэр цагт Тогмид гуай хий настайгаа дөнгөж арван долоо шүргэж байлаа. Бирдаах буунаасаа төдий л нэг өндөргүй гозгор хөх жаал цэрэгт мордсон юм. Дараах жилийн өвлийн адаг гэхэд өнөтэй зуны судгийн хялгана ижил суга өсөж, таван насны тайлаг шиг хараа бараатай сайхан хар хүү болж хувирсан гэнэ. Тэгэхэд Мажиг хэмээх нэртэй, хөх толгойт хэмээх хочтой буурал өвгөн, Тогмид гуайг цаашлуулж,
- Дамшиг минь чам руу дайны тэнгэр өнгийж байна даг шүү. Чи ер нь өөрийнхөө яаж хувирч байгааг нэг хардаг ч болоосой. Найдан гүнг барьж Сүх жанжинд тушаах их хийморийг өвөртөлж яваа дагаа чи хэмээн шоглож байсан юм.
Хүмүүс хэрхэх яахаа мэдэхгүй, хэн нөхөр, хэн дайсан болохыг танихгүй салхинд тавьсан зул мэт явсан цагийн тэр цөвүүнд нөгөөх хөх буурал өвөөгийн хүчинд Тогмид нарын цөөн хүний толгойн эргээ гарч түрүү жилийн нь зуны эхээр ардын намын талд дагаар орсон байжээ. Тэгээд амь өрсөн тэмцлийн талбарт ил гарч далд орох нь бусдын нүдэнд эс ажиглагдах жирийн хүний хувь тавилангаар тушаалын үгний үзүүрт шилбүүрийн нохой адил зүтгэн явсаар амьдрах цагийн ааг ид хорин таван насан дээрээ гэртээ эргэж ирж билээ. Би Тогмид гуайн гуулин данхыг тугтран будаатай бараан цайнаас нь аягалах зуур:
- Та чинь тэгээд яагаад партизан болоогүй юм бэ? Өвгөн нэг юм хэлэх гэснээ ээрэх мэт болоод дуугаа хураачихав. Би бүр санаа зовчихлоо. Настай улсад гэмээ зовох ичих юм байлгүй яана гэж дээ! гэвч Тогмид гуай хоолойгоо засаад тайвуун нь аргагүйгээр:
- Анхлан хувьсгалыг хийх нь бүү хэл, ардын намыг устгалцана гэж бароны цэрэгт мордсон хүнийг юунд партизан болгох билээ гээд шүдгүй амаараа маг маг инээв. Өвгөний тэр сайхан инээдэнд миний дотор уужирлаа.
- Үгүй ээ, та чинь бароны буугаар бароныг даралцсан хүн шүү дээ. Юунд өргөдөл мөргөдлөө гаргаагүй юм бэ?! Таныг хирэндээ гавъяатай хүн гэж нутгийн ардууд бэлээхэн мэдэж байгаа юм чинь. Зовхины нь арьс суларч үнгэгдсэн цаас адил нугаларсан жирхгүй бор нүднийхээ хүүхэн харааг над өөд хурцалж,
- Тийм ээ, уг нь бид цагаа олж зөв эргэсэн улс л даа. Манийг Хөх толгойт л аварсан юм гэснээ хөмсгөө буулган бодолхийлж,
- Үгүй ээ, тэгээд би ер нь партизан цолоор яах ч юм билээ дээ гэж боддог юм шүү хүү минь. Үлдэгсэд бид хийдгээ хийсэн. Харин амьд явж залуу насанд зөв эхэлсэн хэргийн төгсгөлийг үзэх гэдэг жирийн бидэнд их шагнал билээ. Хийсэн л бол заавал сүр алдар гээд яах юм биш үү дээ!
- Би байтугай хэдэн надтай тэнцэх чухал бие, халуун амиа өгсөн аавын хүүг алийг тэр гэх вэ! Өнөө та нарын идэж хэрэглэж байгаа буян хишгийг тэр хүмүүс Цагаагчин тахиа жилийн хавар зунаар бүлээн цусаараа худалдан авч та нарт өв болгон орхисон шүү Тэдний сүлд сүнс мал тариа хоёрыг чинь байнга эргэж хэтэж мөлхдөг хэрээ боохой тэргүүтнийг шөнө болгон үргээж байдагдаг шүү. Хөх толгойт гуай ёстой баатар хүн байсан юм. Адтай дайсны сум аль баатар эрсий нь түүж онодог юм билээ хүү минь. Хөх толгойт гуай шиг хүн олон байсан юмаа. Гэтэл тэднээс юу үлдэв? Юу ч үлдээгүй. Эхэлсэн хэрэг нь үлдсэн гэж чи хэлэх гэж байгаа байх. Тэр зөв. Гэтэл өөрсдөөс нь, хувиас нь юу үлдэв?.. Ухаа нь би бүдүүлгээр жишье л дээ. Хөх толгойт гуайг үзэж харж, баярлаж бахархаж явсан миний энэ муу хоёр шар нүдийг анихтай нь зэрэг л тэр хүний тухай бодол ертөнцөөс бүрмөсөн ширгэнэ шүү дээ. Ингээд бодохлоор тийм баатар явсан хүмүүс ямар ч цол хачиргүй байхад өргөдөл барьж, партизан болно гэж гүйхээсээ би ичихээс өөр яах вэ? Тэд нар юу ч үгүй байхад, би партизан болохдоо яадаг юм бэ! Тэдний эхэлсэн их хэргийн ургах дэлгэрэхийг үзэж, хар гараа савар даахгүй болох цагийг иртэл сум нэгдлийн аргал хорголыг зөөснөө их юм болов гэж бодож муу Тогмид гуай нь тайван гэлдэрч явдаг шүү ... Хэ ... нэргүй баатрууд минь!... гээд өвгөний дуу элсэнд ууссан ус, хаданд шингэсэн цууриа мэт бүдэгрэн алга болов. Өвгөний догдлол миний сэтгэлийг хөдөлгөж билээ. Удаж төдөлгүй Тогмид гуай шархдсан бүргэд өндийх мэт нэвсхийн харласаар дээш болоод ийн өгүүллээ.
- Сэсээрт нэргүй баатрын шарилыг хүндэтгэн оршуулж, мөнх гал асааж гэнэ гэж би сонссон. Тэр галыг хүүхдээр мануулах хэрэгтэй юм. Манасан хүүхэд яасан их юмны учрыг олох боллоо! ... Их сайхан, баярлаж баршгүй хэрэг байна. Монгол шороонд маань ер хичнээн олон нэргүй баатар нойрсож байгааг хэн ч мэдэх билээ дээ. Надад бас өөр нэг санаж явдаг нэг юм бий. Үгүй ээ хүүхээн, нэргүй баатруудын хийснийг хийлцэх байтугай хийхийг нь үзээгүй нэг хүн партизан болох санаатай хөөцөлдөж явна гэх чимээ миний энэ муу хавтага шиг хар чихээр орлоо. Тэр амьтан хөх толгойт нараас зовдоггүй юм гэхэд надаас бас зовохгүй байна!. Энэ чинь хорин нэгэн оны Цагаагчин тахианы идэрчүүд бидний араншинд таарах ажил биш ээ! Бүр хэтрээд жанжны Нээнин багшид авч мордсон ташуурыг <<Би хийсэн >> гэх хүн дөрөв болчихсон явна гээд өвгөн нүүрээ хар гараараа ууртай нь аргагүй шувтарсанд ерөөс хэзээ ч цайшгүйгээр харласан хүйтэн хөрзгөр царай нь сүртэй баргар үзэгдэв.
Хөх толгойт гуайн хурдан морины тоосноос энэ нүүхийн өргөөнд орж шингэсэн байж мэдэх юм шүү дээ гэж надад бодогдоно. Хөгшин гэвэл над руу гуниг гоморхолтой харж суув. Нэр нь мөдхөн мартагдах жирийн тэр хүн миний нүдэнд ер бусын баатар сүрлэг болж харагдлаа. Ийм гүндүүгүй цэвэр сайхан сэтгэлийн хүн хувьсгалын цэрэг байтугай хувьсгалын жанжин явсан байхад тэр хүний ер юугий нь дутах байсан гэх вэ!..
Өвөгцүүлийн алдаа мадгийг өвөгцүүл нь мэдэж тайлдаг юм байнаа. Бидний залуу үе дээдсээсээ энэ чанарыг нь хүртэл авч хоцрох хэрэгтэй юм шүү. Миний дэргэд үлдсэн нэртэй баатар сууж үрэгдэгсдийнхээ нэрээр өдгөө үетэй үг хэлэлцэж байна. Огт хир халдаалгүй эрхэмлэвэл зохих ер хичнээн олон сайхан нэр алдартан манайд байдгийг энэ яриа надад санууллаа. Ажилчин дарга, сурагч зохиолч... Партизанууд үхэж барагдавч амьдрал үхэж барагдахгүй. Тэдний өргөж явсан тугийг зулайдаа залж амьдралыг бид үргэлжлүүлнэ.
Улаанбаатар, 1970. 5.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)